СОНГУУЛИЙН ХУУЛЬ ӨӨРТ АШИГТАЙ ГЭЖ БОДСОН ЭЗЭН РҮҮГЭЭ СҮҮЛЭЭ ДАНДАА ШАРВАДАГ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр хэлэлцэгдэж, нийгмийн анхаарлыг татаж байна. Хуулийн өөрчлөлт оруулахаар зэхсэн заалтын нэгд улс төрийн намын асуудал, Сонгуулийн тухай хууль багтаж буй.

Засгийн эрх мэдэл УИХ-д олонхийн суудал авсан улс төрийн намын гарт очдог болсноор намууд хаалгаа албан тушаал, эрх мэдэл, мөнгөнд шунасан хүмүүст нээгддэг жишиг тогтоод удсан. Энэ хаалга эрх мэдэл рүү тэмүүлсэн улстөрчдийн шуналыг асааж, үр дүнд нь авлигын гэмт хэргийн гаралт улам бүр өсч, нийтийн авлигад алдсан мөнгө тэрбум, тэрбумаар хэдэн их наядаар тоологдох болоод буй нь үнэн.

Албан тушаалын гэмт хэрэгтнүүд АТГ руу тусгайлан жим гаргаж байгаа ч тэдний хэрэг прокурор, шүүхийн шатанд очоод царцчихдаг нь нийгмийн бухимдлыг төрүүлсээр байна.

Парламентын засаглалыг улс төрийн намууд авч явдаг. Намууд нэг нэгэндээ хяналт тавьдаг энэ системийг Ардчилсан нийгмийн хамгийн сонгодог хэлбэр гэдэг ч авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхдөөсөө болж улс төрийн намуудын нэр хүнд өнөөдөр түүхийн хугацааныхаа хамгийн доод түвшинд ирчихээд байна.

Technologies-of-Election_0269 Сонгуулийн хууль өөрт ашигтай гэж бодсон эзэн рүүгээ сүүлээ дандаа шарвадаг

Өнгөрсөн хугацаанд намуудаас хэн ч, нэг ч удаа хариуцлага нэхэж байсангүй. Харин УИХ-ын гишүүдийн боловсруулж, нийтээр хэлэлцүүлж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх өөрчлөх дөнгүүр санаанууд багтжээ.

Энэ төсөлд суулгасан парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах тухай заалтаас онцлоход,

Тухайлбал, төслийн 19.2-т улстөрийн намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно хэмээн тусгажээ.

Улс төрийн намуудын санхжүүжилтийг шилэн болгох зорилготой энэ заалт батлагдвал аль намд, хэн гэдэг хүн хичнээн төгрөгийн хандив өгөв. Тэр этгээд энэ хандив, мөнгөнийхөө оронд сайд, эсвэл төрийн өөр нэг өндөр албан тушаал хашив уу гэдгийг хянаж болох юм.

Үүгээр хандивлагч этгээдийн хөрөнгө мөнгөний хэмжээ, засаглалын дараах хөрөнгийн эх сурвалжийг улс төрийн намуудын санхүүжүүжилттэй давхар хянах боломж нээгдэх аж.

Үүнээс гадна тус хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг парламент ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно хэмээн заасан нь засгийн эрх барьж байгаа, УИХ-д олонхи болсон улс төрийн намууд дуртай үедээ Сонгуулийн хуульд гар дүрэхгүй гэсэн үг юм.

Түүхийн хуудсыг эргүүлж сөхвөл, өнгөрсөн 28 жилд монголчууд Улсын Бага Хурлын нэг, УИХ-ын долоон сонгуульд санал өгч, засгийн эрх барих улс төрийн намуудыг сонгожээ. Сонгууль болох тоолонд эрх барьж байгаа улс төрийн нам Сонгуулийн хуулийг санасандаа хүртэл өөрчилдөг жишиг ч ёс юм шиг тогтжээ.

Гайхалтай нь зөвхөн би, зөвхөн бид, зөвхөн манай нам ялах ёстой гэсэн бодлоор өөрчилсөн Сонгуулийн хууль харин эзэндээ огт ээлээ өгөөгүйг доорх баримтаар харуулахыг хичээв.

Хамгийн анхны 1992 оны Улсын Бага Хурлыг хийх Сонгуулийн хуулийн автороор тухайн үед Улсын Бага Хурлын дарга байсан Р.Гончигдорж ажилласан гэдэг. Р.Гончигдоржийн санаачлан зүтгүүлсэн хуулиар сонгууль явагдсан ч МАН ялалт байгуулж байжээ.

Үүний дараах 1996 онд Сонгуулийн тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын дарга Н.Багабанди тэргүүтэй МАН-ын гишүүд санаачлан, мөн л өөрийн намд ашигтай байхаар баталсан гэдэг. Гэхдээ сонгуулийн ялалтыг Ардчилсан холбоо эвсэл авсан байдаг.

МАН руу сүүлээ шарвасан Сонгуулийн хуулийн үр дүнг амталж дөрвөн жил Засгийн эрх барьсан Ардчилсан холбоо эвсэл 2000 оны сонгуулийн өмнө мөн л Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр ханцуй шамлаж, хүссэндээ ч хүрсэн.

Харин Сонгуулийн хууль Ардчилсан холбоо эвслийнхэнд ээлээ өгөөгүй. Ялалтын тугийг МАН мандуулж, энэ нам УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж байлаа. Энэ сонгуулиар МҮАН, ИЗНН, Эх Орон нам тус бүр нэг нэг суудал авч, нэг бие даагч сонгогдож байв.

2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН энэ хуулийг дахин өөрчилж, мөн л өөрт ашигтай байхаар тохируулсан ч МАН парламентад ердөө 36 суудал авсан. Энэ сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН нэг суудал авч, гурван бие даагч сонгогдсноор анхны эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан билээ.

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон намын төлөөлөлтэй холимог парламент энэ хуулийг өөрчлөхгүй бол ерөөсөө болохгүй гэсээр Сонгуулийн хуульд дахиад л гар хүрлээ. Хэд хэдэн бие даагчтай, хэд хэдэн улс төрийн намын төлөөлөтэй энэ парламентын зөвшилцөж баталсан хуулийн үр шимийг МАН арай ахиухан хүртэл УИХ-д 45 суудал авсан бол АН 28, Ногоон Нам, ИХНН-ын “Иргэний эвсэл”, ИЗН тус тус нэг нэг суудал авч, нэг бие даагч сонгогдож байв.

2012 оны УИХ нэлээн удаан хэлэлцэн байж, энэ хуульд дахиад л өөрчлөлт оруулсан. Харин сонгуулийн дүн гарахад АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдож байв.

2016 оны сонгуулиар засгийн эрх барьж байсан АН сонгууль болохоос ердөө нэг, хоёр сарын өмнө зарим аймгийн тойргийг хасч, зарим аймагт тойрог нэмж, хэрүүл шуугиантайгаар өөрт ашигтай гэж үзсэн Сонгуулийн хуулийг баталсан ч бялууг нь МАН ахиухан хүртэж, 65 нэр дэвшигчээ УИХ-ын босгоор амжилттай давуулсан билээ.

Сонгуулийн хууль өөрт ашигтай гэж бодсон эзэн рүүгээ сүүлээ дандаа шарваж байсныг өнгөрсөн УИХ-ын сонгуулийн жишээнүүд харуулж байна. Улс төрийн намуудын ой санамжаас гээгдсэн энэ гашуун баримтууд Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэзээ яаж хийх вэ гэдэг асуудлыг Үндсэн хуулиар зайшгүй зохицуулах ёстойг харуулж байх шиг.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг парламент ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглохоор заасан нь төрийн бодлого тогтвортой байх, улс төрийн намууд байн байн Сонгуулийн хуульд гар дүрэхгүй байх шалтгааныг бүрдүүлж өгөхөөр харагдаж байна.

Д.ОРГИ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу