Б.ЖАГАР: ЭРХ БАРИГЧИД ГАДНЫНХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ТАГНУУЛЧДЫН ТОГЛОЛТООР ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлэг өрнөж хуульчид, намууд, улс төрчид, судлаачид, иргэд байр сууриа илэрхийлсээр  байна. Тэгвэл “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий  Ерөнхий зохицуулагч Б.Жагар манай редакцад хандаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой байр, сууриа илэрхийллээ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгүүд шат дараатай явж байна. Энэ үед та болон “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий зүгээс Үндсэн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хууль бол Тусгаар тогтносон улс орондоо хэрхэн амьдрах вэ? гэдэг гурван сая хүний хамтын гэрээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манай хөдөлгөөний зүгээс эсэргүүцэж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол улсад дарангуйлал бэхжиж, дараагийн хорин жилд төрийн эрх мэдлийг  удаан барих эрх баригчид сонгогдоно. Телевиз болон сонин радиогоор УИХ-н дарга Занданшатар нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвшилцөж байгаа хэмээн мэдээлэлж байна.  Энэ бол худал.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн бидний амыг барихаар олон сайт, олон телевизүүд худалдагдсан байна. Энэ зөвшилцөл дунд карманы намууд, худалдагдсан ТББ-ууд, хулхи парламентын эрх баригчид л байна. 3өвшилцөл гэсэн баннер үүсгэчхээд  үүгээрээ ард түмнийг худалдан авах гэж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага  бол байгаа. Гэхдээ одоогийн эрх баригчдыг өөрчлөх ёсгүй гэж үзэж байна.

-Яагаад одоогийн эрх баригчдыг өөрчлөх боломжгүй гэж үзэж байгаа вэ?

-2016 онд сонгогдоогүй, эх орноо тонон дээрэмдсэн, ард түмнийг ядуу байх нөхцөлийг бүрдүүлсэн улс төрчдийн цуваа дараагийн сонгуулиар орж ирнэ.  Ард түмэн нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй. Нийгмийн идэвхгүй байснаар 76 гишүүнийг 108 болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж байна.  Өнөөдөр сонгогдсон 76 гишүүн дараагийн сонгуулиар аль ч тойрог дээр гарах боломжгүй болчхоод байгаа. Тоо солиод юу ч өөрчлөгдөхгүй. Тоон дээр ач холбогдол өгөхөөс илүү хариуцлага дээр ач холбогдол өгөх ёстой. Одоогийн эрх баригчид дунд улс эх орноо гэх хүн нэг ч байхгүй болсон. Үүнийг нь батлах хэд хэдэн жишээ бий.

Нэгдүгээрт, Оюутолгойн 51 хувийг өнөөдөр Монголын ард түмэн авах ёстой гэсэн хуулийг УИХ яагаад гаргахгүй байна.  Үүнийг “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс удаа дараа шаардаж байгаа. Миний биеэр ахлуулсан 10 мянган хүний гарын үсэг бүхий шаардах бичгийг хүргүүлсэн.

Хоёрдугаарт, гадаадын их хэмжээний бондын өр байна. Мөн удахгүй торгуультай машиныг хотын төв рүү оруулахгүй байх шийдвэр хэрэгжиж байна. Төр засгаас луйвардсан өрөө төлчхөөд ард түмнээс хариуцлага нэх ээ. Луйврын хэргээ шийдвэрлэж чадахгүй байж, төр удирдах жилийг нэмж, хар даруулсан визээ сунгах гээд байна.

-Нэмэлт өөрчлөлтийг одоо хийх боломжгүй гэж үзэж байгаа бол хэзээ хийх боломжтой гэж үзэж байна?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ард түмний саналыг авч байж гар хүрэх эрх үүснэ. Гэтэл энэ эрх үүсээгүй байхад эрх баригчид зөвшилцлийн шугамаар гаднынхны гар хөл болсон тагнуулчдын тоглолтоор үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Нэмэлт өөрчлөлтөд оруулах гэж буй заалтуудыг харахад  засаглалын эрхийг хэн нь удаан барих вэ? Ямар нам эвсэл улс төрд удаан тогтнох вэ? Би УИХ-д хэрхэн удаан суух вэ? гэсэн албан тушаалын уралдаан болоод байна.  Энэ тоглоомын төр засгаас ард түмэн дор бүрнээ хажуу айлын эрх ашиг, хорооны эрх ашиг, нийтийн эрх ашиг гэж бодсон цагт зөв хувьсал гарна. Бид нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа. Үүнийгээ УИХ даргад өргөн барина.

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу