НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны эхний хагас жилд 136 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 124 нь үйлдвэрлэлийн осол, 12  нь хурц хордлого байна.

Нийт осолдогчдын 39 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд голчлон унасан, бүдэрсэн, хальтирсан болон xортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртсөн байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 54 хөнгөн хэлбэрээр, 64 хүнд хэлбэрээр гэмтэж, 18 хүн нас нарсан байна. Осолдогчдыг насны бүлгээр авч үзвэл, 31.6 хувийг 25-34 насны, 21.3 хувийг 45-59 насны, 28.7 хувийг 35-44 насны хүмүүс эзэлж байна.

Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22.1 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11.0 хувь нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт гарсан байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 42.6 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 17.0 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 12.5 хувь нь мэргэжилтэн, 11.8 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 11.0 хувь нь бусад мэргэжилтэй, 5.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны 2 дугаар улиралд 70 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 3-aap, өмнөх улирлаас 4-өөp өсжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу