БӨХИЙН АСАРТ ЦЭЦЭГЛЭСЭН АВИЛГЫН СҮЛЖЭЭ МОРИНЫ КОМИССОД ХАЛДВАРЛАСАН ГЭВ ҮҮ?

Жил бүрийн наадам өнгө төгөлдөр болдог. Энэ жилийнх мөн л өмнөх наадмуудын адил сайхан наадам болж өндөрлөлөө. Шинэ аварга төрлөө. Шинэ цолтнууд ч гарлаа. Ерөнхийдөө бол уудам талдаа Монголчууд бид утгаараа наадаж өнжлөө.

Харин улсын баяр наадмаас энэ жил уяачид маань сэтгэл дундуур буцав бололтой. Учир нь тэдний хувьд хүсэн хүлээдэг, алсаас зорьдог улсын наадам нь утгагүй болжээ.  Шалтгаан нь хурдан морины салбар хороо, үүлдэр тогтоох комиссын гаргасан шийдвэрүүд тэднийг гонсойлгох нь тэр.

Энэ жилийн хувьд баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулах хороо, үүлдэр тогтоох комиссоос тусгайлсан журам гаргасан. Тус журмаар бол уралдах морьдыг нас насаар нь сэрвээний өндөр, харагдах байдал, нас шүдээр нь ялгаж уралдуулах байлаа. Гэвч үүлдэр тогтоох комиссынхон тэрхүү дүрэм, журмаа дахиад л барьсангүй. Тэр ч бүү хэл Монгол адуугаа хасчхаад илт эрлийз адуу мордуулж байгаа харагдлаа.

Ингэх болсон шалтгаан нь улсын баяр наадмын хурдан морины салбар хороо, үүлдэр тогтоох комисс гээч нь бүлэглэлийн шинжтэй болж, авилгын сүлжээнд идэгдсэн явдал гэнэ. Энэ талаар улсын наадмыг зорьсон уяач бүхэн л ярьж байна.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд уяачид, боссууд эрлийз адуугаа наадамд сойх болсноос үүдэн үүлдэр тогтоох комисс гээч жигтэйхэн бизнесийн сүлжээг бий болгоод амжжээ. Уг нь Монгол наадмын бөхийн асраас бусад талбарт мөнгө яригддаггүй байсансан. Гэтэл өнөөдөр уяачид улсын наадамдаа мөнгө төлж, хүлэг морьдоо уралдуулдаг болчихжээ. Энэ тухай Улсын манлай уяачид нь хүртэл мэдчихээд уур бухимдлаа цахим орчинд илэрхийлж явна. Тэдний яриагаар, цахим орчинд бухимдан бичсэнээр бол эрлийз цустай морь наадамд мордуулах бол тогтсон ханшийг үүлдэр тогтоох комиссынхонд төлдөг юм байх. Тэрхүү ханшийг нь төлөөгүй л бол тэр морь хэнбэгуйан ч морь байсан уралдаанаас хасагдаж үлддэг аж.

Өмнөх жилүүдийн хувьд нэг морийг 5 сая төгрөгөөр мордуулдаг байсан бол энэ жилийн хувьд ханш өсч түүнээс ч өндөр авилга өгч эрлийз морио уралдуулсан талаарх мэдээлэл байна. Тэр ч бүү хэл бусдаас авилга авсан морины комиссынхон хурдан байгаа цэвэр Монгол адууг хассан тохиолдлууд гарчээ.

Энэ талаар Тод манлай уяач Л.Баянмөнх хэвлэлд "Энэ наадам эрлийзүүдийн наадам болж байна. Төр, түмний нүдэн дээр авлига авч эрлийз морь уралдуулж байна. Жинхэнэ Монгол адууг хасаж байна. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийн ингэж болохгүй шүү дээ. Морины комисс авлига өгснийг нь гаргадаг, авлига өгөөгүйг нь аваад үлдэж байна" гэжээ. 

Мөн өөр нэгэн залуу уяач цахим орчинд “Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны комиссын гишүүдийг (ялангуяа шүдэлгээ, үүлдэрлэгээр ялгах комисс) Төрийн наадам будлиантуулсан, Авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шүүх болон АТГ-т өгөх, мөн МУ-ын ерөнхийлөгчид гомдол гаргах хүсэлтэй байна. Гишүүд болгон дээр тусгайлан гомдол гаргаж, хохирсон, Монгол адуугаа хасуулсан уяачдын гомдлыг үндэслэн, наадамчдыг гомдол дээр тулгуурлан. Их юм гарч ирэх шум байна даа” хэмээн морины комиссын авилгын асуудлыг хөнджээ.

Түүнчлэн ихэнх уяачдын зүгээс улс, бүсийн наадмуудын морины салбар хороо, үүлдэр тогтоох комиссод АТГ зэрэг хууль хяналтын байгууллагууд хяналт тавих, цаашилбал тэрхүү авилгыг сүлжээг нь яаралтай таслан зогсоохыг анхааруулж эхэлжээ. Тэгэхгүй бол жирийн малчин уяачид, жижигхэн Монгол морьдоо улсын наадамд уралдуулж чадахгүй нь ээ...

Улсын наадмын хурдан морины салбар хороо, үүлдэр тогтоох комиссын талаарх уяачдын сэтгэгдэлүүд

 

 

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу