ШАТАХУУНЫ ҮНЭ АХИН БУУРЧЭЭ

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн талаар өнөөдөр /2019.07.09/ мэдээлэл хийлээ.

Он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ нэмэгдэж, АИ 80 шатахуун, 180-200 орчим төгрөгөөр өссөн. Улмаар 2019 оны таван сарын сүүлээр хилийн үнэ буурч, өнгөрсөн зургадугаар сарын 15-наас шатахууны үнийг литр тутамдаа 50 төгрөгөөр бууруулахыг ААН-үүдэд үүрэг болгосон юм.

Мөн хилийн үнэ буурч байгаатай холбоотой долдугаар сараас шатахууны үнийг дахин буулгах арга хэмжээ авна гэдгийг холбогдох албанаас мэдээлэлж байсан. Тэгвэл энэ сараас  АИ-92 болон АИ-95 бензиний үнэ литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурахаар болжээ.

Энэ талаар АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар өнгөрсөн зургадугаар сард болсон “Үнийн зөвлөлийн хурал”-аар шатахууны үнийг долоодугаар сард буруулна гэсэн. Үүний дагуу бид шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авч ажиллаа. Өчигдрөөс эхлэн шатахууны үнэ 50 орчим төгрөгөөр буурсан. Ингэснээр зургаан сараас хойш  АИ-92 бензин литр тутамдаа 110-120 төгрөгөөр буурч байгаа юм.

Гэхдээ долоон сар гарснаас хойш газрын түүхий тосны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар брент маркийн газрын тосны үнэ баррель тутамдаа 64 ам.доллароор худалдаалагдаж байна. Манай улсын хувьд нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийн ОХУ-аас нийлүүлдэг. Эхний хагас жилийн байдлаар 960 мянган тонн орчим газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон байна. ОХУ-ын хилийн үнийг тогтоохдоо бид Сингапур улсын ханшаар тогтоодог. Гадаад зах зээлийн үнэ өсөж байгаатай холбоотой УУХҮЯ болон ашигт малтмалын газрын тосны газраас үнийн өсөлтийг тогтвортой барих арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу