НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ

УИХ-ын гишүүн З.Нарантуяа өчигдөр Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Li-Chiung Su тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд гэр бүл, нийгмийн хамгааллын чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон юм. Тайвань нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлдэг байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Манай хоёр улсын харилцаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд олон чиглэлд амжилттай өрнөж байгаа ч нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа төдийлөн сайн биш байна. Энэ удаагийн парламент хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй. Бид хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарч, нам харгалзахгүй нягт хамтран ажилладаг.

2016 оноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлж байна. Гэр бүл салалтын тоо их байгаа нь залуучуудын харилцаа, хандлагатай холбоотой. Гэр бүл доторх хүндлэл алдагдсанаас бие биедээ бухимдлаа гаргаж, үүнээс улбаалан гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байна. Мөн нийгмийн байдал, архидалт зэрэг нөлөөлдөг. Иймд бид залуучуудад гэр бүл төлөвлөлт, харилцаа хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх тал дээр анхаарч ажиллаж байна" гэлээ.

Мөн энэ үеэр Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Li-Chiung Su энэ удаагийн айлчлалын хүрээнд өөрийн улсын нийгмийн хамгааллын салбарын ололт амжилт, сайн туршлагаасаа хуваалцахаар манай улсад ажиллаж байгаа талаараа товч танилцуулав.

Тэрбээр, “Манай улсын хувьд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулахад онцгой анхаарч ажилладаг. Өнгөрсөн онд Гэр бүлийн боловсролын тухай хуулийг баталсан. Дүүрэг, хороо бүрт нийгмийн ажилтныг ажиллуулж, залуучуудад гэр бүл болохоос нь өмнө заавал гэр бүл төлөвлөлтийн талаарх тусгай сургалтад хамрагдсан байхаар зохицуулсан. Ингэснээр залуу гэр бүлийн салалт багасна гэж үзэж байгаа.

Урьд нь бид зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг нийгмийн үйлчилгээнд хамруулж ажилладаг байсан бол одоо хүчирхийлэл үйлдэгч нарыг албадан сэтгэл зүйн болон бусад эмчилгээ, сургалтад хамруулахад анхаарч байна. Мөн хүүхдэд багаас нь насны онцлогт тохируулан аливаа хэлбэрийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгдөг. Хүүхдүүд өөрт болон хөрш айлд нь болж байгаа бүх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлдэг болсон.

Хамгийн чухал нь цагдаа, нийгмийн ажилтнууд хувь хүний мэдээллийг маш сайн хамгаалдаг байх ёстой” хэмээгээд нийгмийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус улсын хууль эрх зүйн тогтолцоо, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны сайн туршлагаас судлах, цагдаа, нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Тайванийн Гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Hui-Jiuan Chien, Тайваниас Монгол Улсад суугаа Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь нар оролцлоо.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу