2.9 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ МОНГОЛ НААДАМ ЯМАР БОЛОХ ВЭ

Дэлгэр зуны адаг сардаа дэнж хотойтол наадах “Монгол наадам” эхлэхэд хоёр хоног үлджээ.

Үндэсний сурын харваагаар наадмынх салхи хагалдаг буюу долдугаар сарын 7-ны өдрөөс гэж тооцох юм бол Дэлхийд ганцхан монгол наадам үндсэндээ долоон өдөр үргэлжилдэг. Дэнж хотойхоос ч аргагүй нүсэр, үндэсний хэмжээний сүр ихтэй сүрлэг баяр. Зардал ч өндөр гардаг.

Энэ жил л гэхэд гурван өдөр цэнгэн баярлахын тулд гурван тэрбумыг зарцуулах нь. Энэ мөнгө улсын төсвөөс гарна.
Угтаа татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэсэн үг юм. Ийм атал наадмын төсөв зардал их өндөр байна гэж нэг их шүүмжилдэггүй.

Дэлхийд ганцхан, жилдээ ганц болдог наадам юм чинь хэдэн тэрбумаар наадахад яадаг юм гэж боддог байж мэднэ. Эсвэл наадмын төсөв хувь хүний халааснаас гардаггүй болохоор нэг их тоодоггүй юм болов уу. Гэхдээ наадамд зориулсан 2,9 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, ямар үр бүтээлтэй ажил болгон өнгөрүүлэхэд иргэд хяналт тавьж, хардах эрхтэй.

Төв цэнгэлдэх хийгээд Хүй долоон худагийг зорьж очоод эмх замбараагүй байдал, тоос шороо хоёрт дарагдаж бухимддаг ч бөх, морь, сураа үзэхдээ огшиж омогшин, хуушуур, айраг хоёртоо сэтгэл нь цадчихдаг гандан буурашгүй наадамчдын хувьд мөнгөндөө таарсан үйлчилгээг наадмын комиссоос ч нэхэх ёстой.

Тухайлбал, үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргана гэсэн.
Наадмын нээлт, хаалт ямар байх вэ

Үзэгчдийн ганц хүсэн хүлээдэг зүйл бол наадмын нээлтийн уран сайхны тоглолт болон хаалтын үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэхэд үзүүштэй гоё сайхан тоглолт үзэхээр зорьдог. Жуулчид ч их сонирхдог. Жил жилийн наадмын нээлтийн тоглолтыг иргэд шүүмжилж, зарим нь магтаж сайшааж ирсэн.

Тэгвэл өнөө жил Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй уран бүтээлч өдрийн халуунд үдшийн сэрүүнийг үл ажран бэлтгэл сургуулилалт хийж байна.

Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөсний дагуу ийнхүү шахуу, шаргуу ажиллаж байгаа гэх.

Г.Цоггэрэл:Соёлын биет болон биет бус өв арт, урлаг, бүтээл тал руу анхаарна
 
“Наадмын нээлт, хаалтын ёслолын өнгө будгийн зорилго нь бид дэлхийн хөгжилтэй хөлтэй нийлэхийг зорьж байна. Олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулдаг жишиг рүү дөхөж, шинэ технологи нэвтрүүлэх юм. Наадмын талбай өнөөдөр нэлээд хүнд. Олон жил бид наадам хийсэн. Тэрийг эвдэж яаж шинэ, өөр өнгөөр харуулах вэ гэдэг талаас, үндэсний бахархал, соёлын биет болон биет бус өв арт, урлаг, бүтээл тал руу наадмын гол концепц явна.

Гаднын жуулчид ирж үзэх тул орчин үе рүү хандуулж хийж байгаа. Наадмын нээлтийн үеэр тайзны засалтыг хийхдээ 2012 оны Лондонгийн олимп, 2018 онд ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтээр хэрэглэж байсан технологийн хэрэглэнэ. Энэ бол даавуун хэвлэл 3D технологи байна” гэж ярьсан удаатай. Овоо хэдэн төгрөг төсөвлөсөн наадмын нээлт, хаалт энэ жил ямар болохыг Г.Цогтгэрэлийн найруулгаас харах үлдэв.

Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу