ХОЁР ШҮҮГЧИЙГ СУЛЛАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн. Тэгвэл эдгээр 17 шүүгчээс хоёр шүүгчийг өнгөрсөн долоо хоногт  саатуулаад байсан юм. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг Цагдан хорих 461-р ангид хорьж, шалгасан юм.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар  өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргажээ.  Уг хүсэлтийг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Шүүх бүрэлдэхүүн "Тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрхи хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийн мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгсөнгүй.  

Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ".

Прокуророос яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарыг  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч нарыг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу