С.Амарсайхан огцрохгүйн тулд албан тушаалын тохиролцоо хийж эхэллээ

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан албан тушаалаа авсанаас хойш хэд хэдэн халаа сэлгээ хийгээд байгаа билээ. Энэхүү халаа сэлгээ үргэлжлэх болно хэмээх таамаг явж байсан. Гэвч Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг огцруулах яриа явсны дараа энэхүү асуудал өөр тийш эргэв бололтой. Учир нь НИТХ-ын төлөөлөгч бөгөөд ажлаасаа халагдах жагсаалтанд багтаад байсан зарим хүмүүсийн албан тушаалын суудал хөдлөхгүй болох нь тодорхой болж эхэлсэн гэнэ.

Тухайлбал Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан. Түүний хувьд С.Амарсайханы эсрэг явж байсан нэгэн. НИТХ-ын дарга болохоор зүтгэж байхад нь эсэргүүцэж, мөн Нийслэлийн засаг даргаар нэр дэвшихэд нь хүртэл эсрэг талд байсан гэдэг юм билээ. Харин өнөөдөр С.Амарсайхантай гар барьж, Хан-Уул дүүргийн засаг даргын албан тушаалдаа бат шигдсэн гэх бор шувуу Нийслэлийн МАН-ын гишүүдийн дунд хөвөрч байна.

Ж.Алдаржавхлантай яг л ижилхэн арга барил гаргасан НИТХ-ын төлөөлөгч нь Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат гэнэ. Түүний хувьд суудлаа ганхуулахгүй, 2020 оны сонгуультай золгохын тулд С.Амарсайхан даргатайгаа хожуу ч гэсэн гар барьж, нэг зүгт алхахаар болжээ. Өмнө нь түүний хувьд С.Мөнхчулууны талд явж байсан хэмээх яриа байдаг аа.

НИТХ-ын даргын суудлын төлөө С.Амарсайхантай өрсөлдөж байсан НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан. Түүний хувьд 2016 оноос хойш Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажилладаг билээ. С.Амарсайхан нь засаг дарга болсныхоо дараа Д.Баярсайханг ажлаас нь чөлөөлөх жагсаалтынхаа дээгүүр оруулсан байсан гэдэг. Харин хүмүүс халагдаж байхад Д.Баярсайхан төлөөлөгч сугарч үлдэх болсон нь С.Амарсайхантай хөшигний цаана гар барьж, огцруулахын эсрэг кноп дарах тохиролцоо хийсэн байж болзошгүй хэмээн улс төрийн хүрээнийхэн ам уралдан таамаг дэвшүүлж байна.

НИТХ-ын даргын сунгааны үед Д.Баярсайхан төлөөлөгчийг дэмжиж байсан талд явсан ч хожим нь С.Амарсайхантай гар барих болсон төлөөлөгч бол Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа Б.Мөнхбат. Түүний хувьд мөн л суудал нь ганхах хүмүүсийн жагсаалтанд байсан. 2018 онд ажил авсан түүнийг солих арга ухаанаа С.Амарсайхан хайж байсан гэх юм билээ. Харин сүүлийн өдрүүдэд Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлөх тухай яриа С.Амарсайхан даргын өрөөнөөс гарахаа больжээ. Шалтгаан нь С.Амарсайхан даргыг огцруулахгүй гэдэгт бат зогсох яриа хэлэлцээрийг хоёр тал хийсэн байж болзошгүй юм.

2016 онд Ц.Сандуйгийн дэмжлэгээр Нийслэлийн засаг даргын орлогч болсон ч нүүр буруулан өнөөдөр С.Амарсайхантай гар барьсан НИТХ-ын төлөөлөгчдийн нэг бол Ш.Анхмаа хэмээн нийслэлийн МАН-ын хорооныхон бор шувуу нисгэж эхэлжээ. Учир нь Ш.Анхмаа нь одоогийн албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд Нийслэлийн засаг даргыг огцруулах асуудал яригдсан нөхцөлд эсрэг кноп дарахаар сэм тохиролцсон байж бозошгүй гэнэ.

С.Амарсайханд тал засч, албан тушаалаа авч үлдэх жагсаалтанд багтаж байгаа бас нэг улс төрч нь Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гэх явган яриа байна. Нийслэлийн засаг даргаар С.Амарсайхан нэр дэвшихэд л өмнөх удирдлагуудаасаа нүүр буруулж, С.Амарсайхан болон Д.Амарбаясгалан нартай гар барьсан байх хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаг дэвшүүлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг огцруулах яриаг гаргасан. НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс Нийслэлийн ажил гацсан. Олон асуудал шийдлээ хүлээж байгаа ч Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ажлаа хийхгүй байна хэмээх шүүмжлэлийг одоо ч мэдэгдсээр байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу