Д.Амарбаясгалангийн албан тушаалд шахсан хүмүүс С.Амарсайханд гай боллоо

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ажлаа авсанаас хойш чамгүй олон хүмүүсийг халж сэлгэх болсон билээ. Тэдгээрийн дотор өөрийнхөө хүнийг албан тушаалд суулгасан нь хуруу дарам цөөхөн гэнэ. Харин ихэнх нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санал болгож байгаа хүмүүс юм байна.

С.Амарсайхан нь Улаанбааатар хотын захирагч болж ирсэн цагаасаа хойш халаа сэлгээ гэгчийн харин ч утгаар нь хийж байгаа. Угтаа бол МАН эрх баригч нам. Тус намыхан агентлаг, хэлтэс, албаны даргаар ажиллаж байгаа учраас асуудал үүсэхгүй болов уу хэмээн Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагчид тайвширч байжээ. Гэвч тийм биш гэдэг нь өнгөрсөн хэдэн саруудад тодорхой болов.

Аливаа ажлыг сайжруулахын тулд халаа, сэлгээг хийдэг жамтай. Харин С.Амарсайханы хувьд тийм зорилго агуулахгүйгээр өөрийг нь өндөр албан тушаалд суулгахад дэм болж, НИТХ-ын төлөөлөгчдийг санал өгүүлэхэд нөлөөлсөн гэх явган ярианы эзэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үгийг дагаж, түүний гар хөл болсон хүмүүсийг албан тушаалд томилох нь чухал байсан бололтой хэмээн хотын захиргааны ажилчид ам уралдан явган яриаг өрнүүлэх болжээ.

С.Амарсайхан нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Уг нь хуучин хотын дарга С.Батболдын үед ажлыг чамгүй сайн нугалж, асуудал бүрийг нь цэгцэлж байсан дарга нарын нэг бол НЗДТГ-ын дарга Отгонбаяр байсан гэж тус байгууллагынхан ярьдаг юм билээ. Харин С.Амарсайхан дарга ажилдаа гаршсан түүнтэй мөр зэрэгцэн урагшлахгүй хэмээн шийджээ. Үүнийхээ ч горыг амсч, өнөөдөр хотын захиргааны зарим шийдвэр араасаа хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж байгаа сурагтай.

С.Амарсайхан даргын тушаалаар ажлаа өгсөн хүмүүсийн нэг бол Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн. Түүнийг төрийн албаны ёс зүй, хэм хэмжээг зөрчсөн гэх шалтгаанаар 2019 оны 06 сарын 05 өдөр ажлаас нь халж байсан билээ.

С.Батболдын үед ч, С.Амарсайхан дарга болсны дараа ч Нийслэлийн харьяа агентлагуудын нэр, нүүрийг хамгаалж байсан Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулууныг мөн л ажлаас нь халаад байгаа билээ. Учир нь Э.Болорчулуун нь Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй гэх газрын гэрчилгээг цуцлах, нийгэмд өрнөөд байгаа эсэргүүцлийг мэдэрсэн шийдвэр гаргах гэж байсан байж болзошгүй хэмээн хардах хүмүүс байгаа юм байна.

Саяхан Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мөн л шийдвэр гаргаж Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайханыг чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Өдөржингөө л тус газарт хэрүүл өрнөж, өмнөх дарга нь байхгүй, Шинэ дарга нь өрөөг нь эзлэх гэсэн үйл явдал болсон.

Энэ бүх өрнөж байгаа томилгооны цаана С.Амарсайхан ажлаа сайжруулах гэж хийж байгаа алхам гэхээсээ илүүтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шахааны хүмүүсийг албан тушаалд томилох гэсэн арга ядсан алхам явж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаг дэвшүүлэн ярих болжээ.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы богино хугацаанд хийсэн халаа, сэлгээ нь эргээд өөрийг нь шаварт унагааж эхлэв бололтой. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө хүмүүсийг бус өрөөлийн хүнийг албан тушаалд суулгахын тулд гаргасан шийдвэр нь эргээд Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы албан тушаалын ганхуулж эхлэх нь ээ.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөх болно хэмээн мэдэгдсэн. Үүнийгээ ч ярьж, бас НИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлсэн билээ. Хэдийгээр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нь ажлаа аваад 10 сар болоогүй ч асуудалтай бол хүлээх шаардлага байхгүй хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгч нар мэдэгдэж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу