ОЛОН УЛСЫН 1800 БАЛЕТЧААС ШАЛГАРСАН М.ТЭЛМЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

АНУ-ын Нью-Йорк хотод болсон “World ballet Grand prix” тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн балетчин М.Тэлмэн өнөөдөр эх орондоо ирлээ.

ЮНЕСКО-д бүртгэлтэй, олон улсын нэр хүнд бүхий уг тэмцээн нь дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг. Энэхүү тэмцээнд анх удаа монгол балетчин оролцож, тэргүүн байр эзэлжээ.  Монгол Улсын нэрт балетчин У.Бат-Эрдэнийн удирдлагад бэлтгэлээ базаасан тэрээр ийнхүү тэмцээнээс 60 мянган ам.долларын тэтгэлэг хүртсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, “Энэхүү нэр хүндтэй тэмцээнд 1800 гаруй балетын жүжигчид оролцлоо. Миний бие 19-21 насны мэргэжлийн бүжигчдийн ангилалд өрсөлдсөн. Ангилалдаа насаар хамгийн бага нь байв. Тэмцээнд Солонгосын бүжгэн жүжигчид бэлтгэл болон сэтгэл зүйн байдлаараа хамгийн сайн өрсөлдөгч байсан. Намайг бэлдэж, удирдсан багш У.Бат-Эрдэнэ бол дэлхийд данстай балетчийн нэг. Багшдаа маш их талархаж байна. Цаашид эх орныхоо нэрийг улам өргөхийг хичээх болно. Мөн ээж, аавынхаа ачийг хариулахын төлөө хичээнэ” гэв. 

Балетчин М.Тэлмэнгийн ээж, МУСТА Б.Ууганцэцэг хэлэхдээ, “Би бүжигчин хүн учраас хүүгээ адил мэргэжилтэй болгоно гэж боддоггүй байсан. Харин найз маань эрэгтэй балетын жүжигчин ховор байдаг тул хүүгээ бүжгийн ангид шалгуулахыг зөвлөсөн. Ингээд дөрөвдүгээр ангиа төгсдөг жил нь 10 настай хүүгээ Монгол Улсын консерваторид шалгуулахад, тэнцэж, Н.Мөнхдэлгэр багшийн удирдлагад  суралцсан. Хүү минь ээжийнхээ ачийг хариулна гэж их ярьдаг. Ээжийнхээ ачийг үнэхээр л хариулж байна. Хүүгээрээ маш их бахархахын сацуу өдий зэрэгт хүргэсэн багш нарт нь талархаж байна” гэлээ. 

М.Тэлмэн нь Монгол Улсын Консерваторын мэргэжлийн балетын жүжигчний ангийг 2017 онд төгсөж, улмаар АНУ-ын "Kirov academy of Ballet" сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна.

 

А.Гэрэлтуяа

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу