ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД АСАРЧ БАЙГАА ИРГЭНД ОЛГОХ АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Засгийн газрын хуралдааны шийдвэр-

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна.

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хөнгөлж, асаргаанд байгаа иргэний өдөр тутмын эм тариа, асаргааны материал авах зардалд нэмэр болно гэж үзэж байна.

Товч мэдээ:

  • Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу