ХОТЫН ТӨВИЙН ХӨДӨӨХ ТОСГОН ЖУУЛЧДЫН ӨМНӨ ӨМХИЙ “АРАЛ” БОЛОВ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгал, аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зүүн Хойд Азийн, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох, гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгох гэсэн гоё заалтууд бий. Гэвч нийслэлийн өнгө үзэмжид чухалд тооцогдох, Монгол Улсын аялал жуулчлалын голлох газрын нэг болсон гандангийн дэнж гундуу байна.

Тагтааны сангасаар хучигдсан төв талбайгаас нь эхлээд нурсан хашаа, хуучирсан байшингууд, бохир орчин, утаа тортогт дарагдсан гэрүүдээс бүрдсэн гэр хорооллыг бурхан шашны төв гэж нэрлэхэд ичмээр болжээ. Нийслэлийн төвийн бүс дэх тохижилтгүй, хөгжилгүй, өмхий “арал” дээр өдөртөө гадаадын олон зуун жуулчин, гаднын зочид төлөөлөгчид хөлхөж байна.

Нийслэлд түүх соёлын дурсгалт газар цөөн тул жуулчны компаниуд аялагчдыг дагуулан тийш зүглэхээс ч аргагүй. Зөвхөн аялагчид төдийгүй төрийн айлчлалаар ирсэн зочид, төлөөлөгчдийг ч Жанрайсэг бурхантай танилцуулахаар гандан тийш зорьдог. Гэтэл тэнд нь хашаа хороо навсайсан, байшин барилга нь нурж унах дөхсөн, гудамжнууд нь өмхий ханхалсан орчин угтаж байна. Гэгээн цагаан өдрөөр хээв нэг бие засаж зогсоо эр, гуйлгачин архичин, гудамжны ноход гээд бохир орчныг тодотгосон бараан өнгө бүрдсэн. Өнгө гундсан, өмхий нэвширсэн газраар “аялсан” жуулчид ямар сэтгэгдэлтэй буцах нь тодорхой. Ичих багадаж, уйлах ихдэх гэдгийг аялал жуулчлалын салбарынхан ч ярьж халаглахаараа л нэг боллоо. Нэг салбар гэлтгүй нийслэл даяараа уурлах нөхцөл ч тэнд бас бүрдсэнийг судалгаа баримт харуулна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн газрын жагсаалтын тэргүүнд гандангийн дэнж бичигдсээр олон жилийг үдлээ. Гандангийн орчноос ч өвчний голомт дэгдэхэд ч ойрхон байна. 2015 онд нийслэлийн есөн дүүрэгт хөрсний бохирдлын хэмжээг судлахад гандан орчмын гэр хорооллын хөрс хамгийн их бохирдолтой гэж тогтоожээ. Орчны бохирдлын судалгаа ч өвөлдөө асгасан үнс, муу ус зундаа ууршиж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буйг баталсан. Нийслэлийн эрүүл мэндийн газраас орчны ариун цэврийг сахиулах арга хэмжээ авдаг ч хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэр хорооллыг дахин төлөвлөхөөс аргагүй гэсэн дүгнэлттэй эвлэрчээ.

Уг нь эл байдлыг засахаар нийслэлийн удирдлага дөрвөн ч удаа ерөнхий төлөвлөгөө баталсан боловч нэг нь ч хэрэгжсэнгүй.

Анх 2003 онд тухайн үеийн дэд бүтцийн сайдын тушаал, Нийслэлийн засаг даргын захирамжаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хүрээнд “Гандан хүрээ” нэртэй олон нийтэд зориулсан төвийг байгуулахаар зорьж байжээ. Тухайн үеийн төлөвлөлтөөр Гандантэгчэнлин хийдийн өмнө газар доороо автомашины зогсоолтой, цамын талбай, баруун дөрвөн замаас хийдийн хаалга хүртэл Богдын найман дүр, найман тахилын чулуун сийлбэр бүхий талбай барих байж. Тус төлөвлөгөө санхүүжилтгүйн улмаас хэрэгжиж чадаагүй байна.

Түүнээс хойш 2007, 2012, 2015 онд гандан орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга захирамжилж, НИТХ-аар баталсан ч бас л ажил хэрэг болж чадсангүй.

2015 онд хотын мээр асан Э.Бат-Үүл, Баянгол дүүргийн удирдлага “гудамж” төслийн хүрээнд ганц гудамжны хашааг жигдэлж, авто болон явган замыг тохижуулсан байна. Мөн тухайн гудамжинд дулаан, цэвэр, бохир усны шугам татаж өгсөн ч төвийн шугамд холбож чадаагүйгээс газарт булаад “мартжээ”. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл сонгуулийн дуулианаар хумигдаж, нам солигдсоноор нам жим болсон талаар тэндэхийн иргэд ярьж байна.

Гандангийн хөрсний бохирдол өвчний голомт болоход ойрхон байна

Түүнчлэн 2017 онд Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” гэгчийг байгуулахаар нийслэлийн Засаг дарга асан С.Батболд хийгээд албаныхан шав тавьж ёслол үйлдсэн удаатай. Гэвч тэр төсөл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдаж чадалгүй сураг алдарлаа. Тус төслийн хүрээнд Гандангийн гурван гудамж, 1.9 га талбайг чөлөөлж түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан дөрвөн давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга барихаас гадна шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёлыг харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, театр, гар урлалын үйлдвэртэй аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болох байв. Эхний ээлжинд найман айлын газрыг чөлөөлж түр оршин суух байрны түлхүүрийг эздэд нь гардуулсан ч бас л бүтэл муутай байна. Чөлөөлсөн газар дээр нь төлөвлөснөөс өөр барилга баригдсан зүйл ч гарсан байгаа.

Эдгээр төсөл бүтэлгүйтсэний шалтгааныг нийслэлийн түүх дурсгалын гол бүсэд иргэдэд газар өмчлүүлсэнтэй холбон тайлбарлана. Улмаар иргэдийн амин хувиа хичээсэн байдал, шуналдаа хөтлөгдсөн зан нөлөөлж байгааг ч албаныхан хэлж буй. Уг нь 2003 онд баталсан анхны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед гандан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхгүй, эзэмшүүлэх чиглэлийг барьж байжээ. Харин 2004 оны сонгуулиар тухайн тойрогт нэр дэвшигч нэгэн нийслэлийн удирдлага, газрын албаныхныг загнасаар өмчид шилжүүлж улсыг хохироосон дуулдана. Нөгөөтэйгүүр нийслэлийн удирдлага сайхан төсөл ярьж иргэдийн газрыг чөлөөлчихөөд хэрэгжүүлэх шатанд удаашруулж гацаадаг нь Гандангийн оршин суугчдыг хашраачихсан талтай. Төр, иргэн зохицож чадаагүйгээс нийслэлийн иргэд, цаашлаад улсын эрх ашиг хохирч байгааг ч тоохгүй орхиж боломгүй. Үүнийг яаралтай нэг талд нь шийдэхгүй бол аюулт өвчин дэгдэж ниргэсэн хойно нь хашгирах нөхцөл үүссэнийг дээр өгүүлсэн. Тиймээс Гандангийн орчны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжихгүй байгаагийн шалтгаан, дээрх олон төсөл бүтэлгүйтсэний учрыг албаны эх сурвалжаас тодруулах нь зүй.

Д.ХАН-УУЛ: ГАЗРАА ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭСЭН ИРГЭД ГАНДАНГИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД СААД БОЛДОГ

Гандангийн орчныг тохижуулах ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас тодрууллаа.

-Ганданг тохижуулах дөрвөн ч төлөвлөгөө бүтэлгүйтсэний шалтгаан юунд вэ?
-Бүгд бүтэлгүйтсэн гэж үзэхгүй байна. Гандангийн төлөвлөлт хангалттай хийгдсэн. Гэвч газрыг нь хуулиар иргэдийн өмчлөлд шилжүүлсэн учраас өмнөх ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй удааширсан. Сүүлд хийсэн төлөвлөгөөгөөр орчны нөхцөл, инженерийн дэд бүтэц зэрэгт тохируулаад нам давхар, дан давхар, үйлчилгээний гэсэн гурван бүсийг барилгажуулахаар болсон. Энэ төлөвлөгөө хэрэгжих шатандаа байгаа. Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар улсаас нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, дэд бүтцийг нь бэлтгэх ажлуудыг хийгээд эхэлсэн. Харин иргэд хашаа байшингаа түүх дурсгал, шашны уламжлалд тохируулж барих шаардлагатай.

-Мөнгөгүй гэр хорооллын иргэдэд тийм боломж байхгүй учраас улсаас нэгдсэн журмаар тохижилтыг хийхээр ерөнхий төлөвлөгөөнд тусгаж болоогүй юм уу?
-Хашаа гудамжийг шинэчлэх ажлыг дүүргийн төсөвт мөнгө суулгаж нэгдсэн зохион байгуулалтаар хийх боломж бий. Хамгийн гол нь төрөөс дэд бүтэц, дулаан дамжуулах дэд станцуудыг барихад бэлэн болгож ажлаа эхлэх болоход иргэд газраа хэдхэн метрээр чөлөөлж өгөөгүйгээс ажил гацчихаад байна. Мөн Гандангийн ерөнхий төлөвлөгөөгөөр Гандантэгчэнлин хийдийг гороолсон зам барих ёстой. Тэнд байгаа айлууд газраа чөлөөлөхгүй бол ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй. Мэдээж хүний хөрөнгийг хүчээр булааж болохгүй учраас зохицохоос өөр аргагүй.

-“Аялал жуулчлалын жишиг гудамж” төслийг хэрэгжүүлэхээр чөлөөлсөн газар дээр өөр барилга барьчихаар Гандангийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болсон юм биш үү?
-“Аялал жуулчлалын жишиг гудамж” төсөл НИТХ-аар батлагдаагүй. Гэхдээ манайхаас төслийг хэрэгжүүлэхдээ Гандангийн ерөнхий төлөвлөгөө болон бусад шаардлагад нийцүүлж засуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж хэдэн янзаар засаж өөрчилсөн. Энд бас газрын эзэн болох хөрөнгө оруулагч иргэн, ерөнхий төлөвлөгөө зөрчилдсөн тал бий. Бидний зүгээс ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн зургийг л батлах чиглэл барьж байгаа. Хоёр, гуравхан өрхийн эрх ашгийг бодож нийтийн эрх ашиг тухайн гудамжны хорь, гучин айлын боломжийг хааж болохгүй.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу