“Шонхор”-ынхон шүүхийн хараат бус байдлыг хяналтандаа авах уу?

Ардчилсан нам дахь “Шонхор” фракцийнхан өөрсдийн эрх ашгийг хамгаас дээгүүрт тавьж, Н.Алтанхуягийн засгийг онхолдуулж байсныг хэн хүнгүй мэднэ. Энэхүү фракцийг толгойлдог нэгэн УИХ-ын гишүүдийн урд, хойдхыг ярьж улалзуулж, басхүү дарамтлах хэмжээний үг чулууддаг болсон. Тэгвэл хараат бус шүүх засаглалын нэгэн баталгаа болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд өөрсдийн хүнийг нэр дэвшүүлж, улмаар томилуулахаар Ардчилсан нам дахь “Шонхор”-ынхон зүтгэж эхэлжээ.

Ингэхдээ анхан шатанд А.Сарангэрэлийг өрсөлдүүлэхээр болсон байна. А.Сарангэрэл нь 1997-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед буюу 2012-2014 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2014 оны долдугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 83 дугаар Зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаа юм.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүхийн өндөр туршлагатай, судлаачийн хэмжээнд мэргэшсэн, аливаа нөлөөнд автахгүй хүн байх шалгууртай байтал ердөө гурваас дөрөвхөн жил л шүүхэд ажилласан хүнийг ийнхүү улайран зүтгүүлж эхэлжээ. Ингэхдээ шүүгчдэд ч нөлөөлж байгаа бололтой. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь буюу 354 шүүгч оролцжээ. Санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Александрын Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг өнөөдөр 10.00 цагт эхлүүлэхээр Тооллогын төв комиссын тогтоол гаргажээ. 

Хэрэвзээ энэ санал хураалтад алсаас нөлөөлж, улстөрчид өөрсдийн хүнээ томилуулбал шүүх эрх мэдэл тэдний гарт орно гэсэн үг. Тиймээс л өөрсдийн хамгаалалтаа шүүх засаглалд тогтоохоор ийнхүү Шонхорынхон улайрсан бололтой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу