Ч.Билигсайхан "Монгол эрхи товчис"

"Би хэзээ ч бичиж буй зүйлсээ ойлгомжгүй байлгахын тулд ойлгомжгүй болгох гэсэн хүсэлд хөтлөгдөж байгаагүй билээ"

 

 

 

НЭВТЭРГҮҮН БИЧВЭР
 
"Би хэзээ ч бичиж буй зүйлсээ ойлгомжгүй байлгахын тулд ойлгомжгүй болгох гэсэн хүсэлд хөтлөгдөж байгаагүй билээ"

(Ж.Деррида)

"...Өнөөдөр "Монголын нууц товчоон"-ыг уншихад нууцлаг хууч, түүхэн домог, шидэт дүрслэлээрээ европын шив шинэхэн роман уншсанаас илүү гайхшрал төрүүлэн бишрүүлэхээр байгааг төвөггүй олж харна. Энэ бол монголчуудын үүсгэн бүтээж цогцлуулсан түүхэн уран зохиолын дотоод нууцлаг шинжтэй холбоотой юм..."

(Ч.Билигсайхан "Монгол эрхи товчис") 
 
Хэрвээ та буурьтайхан уншигч бол таны ширээнээ ойрмогхон гарсан Г.Аким "Туульс хайлдаг уулс", С.Дулам "Монгол соёл иргэншлийн утга тайлал", Д.Батбаяр "Сайхныг бүтээх нууц I, II", Г.Бадамсамбуу "Туулын Гурван Улхуны дэвсгэр саглагар мод хаана вэ?", Д.Галбаатар "XX зууны Өрнө, Дорнын уран зохиол", Л.Нямаа "Миний амьдардаг ертөнц", Я.Баатар "Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" шүлгийн судалгаа", Гадаадын утга зохиолын лекцүүд(I, II), "Ф.Кафка. Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд" зэрэг номууд буй гэдэгт үл эргэлзэнэ. Эдгээр номуудын агуулгыг тодорхой хэмжээгээр нэгтгэж буй зүйл бол уншигчдийн уран сайхны сэтгэлгээ хийгээд тайлан тайлбарлахуй гэж товчоор хэлж болно. Тэгвэл зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Тэнгэрийн судар" хэмээх шинэхэн бүтээл дээрх номуудтай айлсах учир шижим бий гэдэгт мөн үл эргэлзэнэ.

Зохиолч Г.Аюурзана "Монголын нууц товчоон"-ы тухай "Тэнгэрийн судар" хэмээх шинэхэн номоо утга зохиолын талаарх үзэл бодлоо хуваалцаж байна гэж онцолжээ. Үнэхээр ч нууц товчоо шиг түүхэн уран сайхны энгүй хосолмол, тэрчлэн "хураангуй нууцат" бүтээлээ ягшмал судалгаа, угширч тогтсон төсөөлөл, тайлбар сэлтээс аль болох ангидаар халиаж уншихыг эрмэлзэж. Гэмээнэ уран сайхны туршлагаар, сэтгэлгээний уян хатан хийсвэрлэлээр хандан таамнасан нь нууц товчоо болоод нууц товчооны суут бичээчээр нэвтрүүлэн орчин цагийн уран зохиолын туурвихуйн өнгө төрхийг тольдон шинжилсэн гайхам бичвэрт хүргэсэн байна. Жишээ нь Чингис хаанаас салан нүүхдээ Жамухын хэлсэн үгийг Бөртэ хатан ухаалгаар тайлдгийг академич Д.Цэрэнсодном "...Бөртэ үжиний ухаалаг сэргэлэнийг харуулахын хамт Тэмүжинээс нэг насаар илүү гэж дээр хэлсэн санаагаа давхар баталж байх шиг санагддаг юм. Өөрөөр хэлбэл арай хэрсүү эгчмэд байсан гэх санааг илтгэж байна гэж ухаж болох юм"[2] гэсэн тайлбар дэвшүүлсэн байхад Г.Аюурзана "...Бөрт хатан үгийн утгыг тайлж хэллээ гэдэг нь уран зохиолын арга юм. Үгийн цаана үг буйг Тэмүжин өөрөө сэрдээгүй бол хаанаас энэ үгийг дамжуулж хэлэлцэх сэн билээ? Тэгэхээр тайллыг гэргий нь бус, Тэмүжин өөрөө гаргаж хэлүүлсэн байна. Өрхийн тэргүүн, овгийн зонхилогч ноён хүн "Жамух уйдаж, салах санаа гаргаад байна" хэмээн хов мэт үгс дуугарах нь ёс төргүй хэрэг. Тэгээд ч энэ бол ердийн нэг нүүдэл бус, харин хар багад нь мөнөөх л Тайчууд ах дүүсийн тарьсан гашууг тайлах нэхэл өшил  байсныг бид залгуулаад өгүүлж буй хэсгээс тодорхойёо хардаг билээ..."[3] хэмээн эсрэг шахуу тайлал цухуйлгасан нь нууц товооны уран сайхны агуулгыг өргөмжлөхийн сацуу орчин үеийн уран зохиолыг үзэх хандлагаа жишин хуваалцаж байна гэмээр. "Тэнгэрийн судар"-таа баримталсан энэ хандалагадаа нотолгоо болгох зорилгоор номынхоо эхэнд "...Эцсийн эцэст түүх гэж бидний ойлгодог тэр бүхнийг дан ганц баримт биш, бас уран сайхны сэтгэлгээ бий болгодгийг мартаж болохгүй билээ..."[4] гэж бичсэнд дэгс зүйл алга. Уншигч та Жамух Чингис хаанаас салан нүүхдээ хэлсэн битүү утгат үгийн тайлал Бөртэ хатны үг биш Чингис хааны л үг, Батачихан бол заавал Бөртэ Чоно, Хуа Марал хэмээгч нэртэй хүмүүсийн хүү байх албагүй, Уулын гөрөөчин Бодончар талын малчин иргэнийг дагуулан эрхшээсэн өгүүлэмж бол Монгол угсаатны хураангуй түүхийн багасгал, Жамух бол бусдад харагддаг дүр биш, өөр дотроо, өөртөө харагддаг жинхэнэ дүрийн жишээ, Чингис хаан багадаа Хэрэйдийн ханынд үрчлэгдсэн зэрэг таамналуудыг дэгс зүйл, сахилгагүй санаа, хээнцэрлэн хийсгэсэн мугуйд гүтгэлгүүд гэж бодож магадгүй л дээ. Нэрт судлаач Ч.Билигсайхан "Монгол эрхи товчис" номдоо "монгол түүхийн уран зохиол", "монгол түүхэн зохиол" бүрэлдсэн монгол арга, төрлийг сурвалжилж "...Хамгийн том бөгөөд гүйцэд төлөвшин тогтсон төрөл "Эрхи", "Товчис" болно. Ийм төрлийн зохиол долоо, найман зуугаад жилийг дамжин хөгжихдөө олон янзын нэрээр тэмдэглэгдэж иржээ. Эдгээрийг дурьдвал:
Товч, товчоон
Дэвтэр
Судар
Тууж
Үлгэр
Бичиг, тэмдэглэл
Эрхи
Ойллого (ойлбор)
Цадиг
Намтар, сурвалж
Түүх
Шастир
Домог гэх мэт маш олон нэртэй байна...
Энд дурьдсан түүхэн зохиолын бүтээлийг оноон нэрлэсэн арав гаруй нэрсийн илтгэж байгаа өөр нэг утга санаа бол эдгээр нь "дан түүх" биш шүү гэдгийг сануулаад байгаа хэрэг"[5] хэмээн бичсэнийг санахад "Монголын нууц товчоон" болон "Эрхи" "Товчис"-ууд бодит түүхээс гадна интеграцичилагдсан мэдлэг, уран сайхын өдий төдий нюансуудыг дамжуулдаг, нийлэг мөртлөө тусгаар байдаг бичлэг нь ерөөс нүүдэлчдийн, нүүдэлчин бичээчийн чөлөөт сэтгэлгээтэй, үндэсний давтагдашгүй шинжтэй холбоотой мэт. Ийм нийлмэл хэлбэрийн зохиол хойшид ч бичигдсээр ирснийг XV-XVI зууны үеийн монголын уран зохиолын өв "Хув Навгарлын тууж"-аар жишээлэн үзье л дээ. Зүүн, баруун монголчуудын ноёдын хагарал, үймээн самуунд дургүйцсэн ард түмний сэтгэл санааг тусгасан энэ туужийн гол баатрууд, дүрслэгдэж буй орон газар цөм бодитой гэж байгаа. Түүх гэсэн үг. Гэтэл зохиолд Хатан Бүүвэй баатрын захиас бичгийг хүү Хув Навгарал тайлж буй уран сайхны дүрслэл бий. Далд утгатай 12 мөр шүлгийн утгыг эх нь асуухад мөн 12 мөр шүлэг хэлж тайлаад "Энэ өдөр миний их баяр болдог аж. Сэтгэл минь сэргэв. Одоо та бид хоёрын муугийн сүүл, сайны эх ойртсон гэдгийг ээж минь мэдэв үү?" гэсэнд эх нь "Ачит сайн үрийн минь алтан зарлиг бат оршитугай" гээд мэлмэртэл уйлав. Хүү "Ээж минь уйлах хэрэггүй. Тэнгэр эцэг ноёны буян сүлдээр Халхын нутагт очиж жаргах нэгэн цаг бий"[6] гэдэг. Энэ захиа задлан шүлгийн утгыг хэлэн тайлж буй дүрслэлийн зохиомжийн цаана эх үр хоёр элгэн нутагтаа энх мэнд золгохын тайлал хүлээсийг зориуд бэлгэдэж оруулсан урлал байх шиг. Өнгөц харахад яг л болсон явдал шиг. Лавлаад үзэхээр урнаар шийдсэн зохиолын зохиомжтой байна. Товчоолон үзүүлэх, товчлон хураахуй, эрхилэн хэлхэх гэдэг үгэнд л хураах, агшаах, нэмэх, чимэх, батлах, хасах, гүтгэх, зөвтгөх, совин билгийн уран сайхны бүхий л боломжит аргууд шингээстэй нь мэдрэгддэг бөгөөд үүгээрээ ч "Монголын нууц товчоо" бичлэгийн хувьд гайхалтай "зохиомжийн хөрөнгө". Тэгэхээр "Тэнгэрийн судар"-ын цохолборуудын зорилт сахилгагүй санаа, хээнцэрлэн хийсгэсэн мугуйд гүтгэлгүүд биш юм гэдгийг дахин хэлэх зүй болов уу
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу