Баянгол дүүрэг торгуулийн тойрог уу?

АН-ын мөрийн хөтөлбөрт Засаг дарга нарыг томилох тухай заалт бий юу. 

"Дүүргийн ИТХ-ын сонгуульд АН олонхи болсон тохиолдолд Салдангийн Одонтуяаг БГД-ийн Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэлээ" гэсэн агуулга бүхий сонгуулийн сурталчилгааны самбар хороололд тавигджээ. Нийслэлийн харьяа гэгдэх тус дүүрэг сүүлийн 10 орчим жилийн дотор хот доторх тусгаар улс гэгдэж, өрх тусгаарласан. Дүүргийн ИТХ-д 250-иад мянган иргэдийн эрх ашиг бус С.Эрдэнийн  ашиг сонирхолын төлөөлөл ажиллах болсоор удаж байна. 

Хорооны засаг даргын хоёр өрөө байрны "төлбөр"-т иргэдийн эрх зүйн орчныг хязгаарлах ухамсар хууль тогтоох байгууллагын нэг ч гишүүнд байх учиргүй. Үндсэн хуулийн 23-р зүйлд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална" гэсэн заалт бий. С. Эрдэнэ бол БГД-ээс сонгогдож, төрийн эрх барих дээд байгууллагад суудалтай болсон гишүүн. Түүний Үндсэн хуулийг гишгэлсэн авир ужгирч байгааг дээрх сурталчилгааны самбарт бичигдсэн үг, өгүүлбэр гэрчилж байна. 

Хэрэв С. Эрдэнэ УИХ-д тангараг өргөсөн нь үнэн л бол тэр дараагийн шинэ гишүүн тангараг өргөх хүртэл Үндсэн хуулийг дээдлэх нь зуй. Эцэг хуулийн манаанд зогсч буй Үндсэн хуулийн цэц С. Эрдэнийн хууль зөрчсөн байж болох уг үйлдлийг эцэслэх шаардлагатай болж байна. Дараагийн удаад сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй аль ч улс төрийн хүчин урьдчилан шинээр томилогдох засаг даргын томилгоог зарлах эрхгүй. 

Тэр тусмаа сонгуулийн хуулинд заасан хугацаа дуусгавар болоогүй байхад. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр 10-р сарын 19-нд. Санал авах өдрөөс хойш дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи, цөөнхи болсон улс төрийн намуудын суудлын тоо тов тодорхой болох юм. Үүний дараа дүүргийн иргэдийн төлөөлөгчид анхдугаар хуралдаанаараа хурлын дарга хийгээд Засаг даргаар ажиллах боломжтой хүний нэрийг дэвшүүлдэг дараалалтай. Хурлаас дэвшүүлсэн дүүргийн Засаг даргын нэрийг Нийслэлийн Засаг дарга батамжилдаг эрх зүйн зохицуулалт манай улсад үйлчилж байна. С. Эрдэнэ, С. Одонтуяа нарын эл үйлдэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж буй хэлбэр. 

Сонгуульд өрсөлдөгчдийн нэгдүгээрт баримтлах зарчимд хууль дээдлэх үүрэг багтаж буй. Мөн аль ч шатны сонгуульд өрсөлдөгч улс төрийн намууд мөрийн хөтөлбөрт тусгагдсанаас бусад амлалтыг дурсах ч эрхгүй. Сонгуулийн санал авах өдрөөс даруй хагас сарын өмнө сонгуулийн үр дүнг урьдчилан гаргасан мэт шийдвэрийг олон нийтэд ил задгай зарлаж байгаа нь СЕХ-ны санал тоолох төхөөрөмжид урьд сурсан зангаар хуурамч үр дүнгийн программ уншуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс С. Эрдэнийн хууль дээдлэх эрхэм үүргийг энэ төрийн түшээд сануулахад илүүц бус биз.АН-ын мөрийн хөтөлбөрт Засаг дарга нарыг томилох тухай заалт бий юу?

Б.Сондор 

http://www.tumen.mn/p/9663.html

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу