АРДЧИЛСАН НАМ ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТАНИЛЦУУЛАХ АЯНАА ХЭНТИЙ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

"Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян" Хэнтий аймгаас эхэллээ. Аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчид, орон нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ Үзэл баримтлалаа танилцуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүргэсэн юм. Мөн энэ үеэр Ардчиллын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, зарим гишүүдийг шагнаж урамшууллаа.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, "Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нарын холбогдох албаны хүмүүс энэ сарын 11-15-ны өдрүүдэд орон нутагт ажиллана.

Өнгөрсөн гурван жилд эрх баригчид Хэнтий аймагт хийсэн дорвитой ажилгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгааг иргэд сануулж байна. Тухайлбал, Жаргалтхаан сумын Соёлын төвийг засварлахад 170 сая төгрөг, Мөрөн суманд халуун ус барихад 50 сая төгрөг тус тус төсөвлөсөн гэв. Түүнчлэн Хэнтий аймагт мах боловсруулах үйлдвэртэй атлаа махны үнэ Улаанбаатар хотынхоос ялгаагүй байгааг иргэд хэлж байна. Нэг кг мах 13 мянган төгрөгт хүрснээр Чингис хотын иргэд хоосон хоноход хүрсэн гэв. Мөн ажилгүйдэл, ядуурал сумдад ихэсч, мах, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт өсч байгаа нь иргэдэд дарамт учруулж байна гэлээ.

Эрх баригчид эдийн засаг өссөн гэж ярьж байгаа ч ард түмэн өгөөжийг нь бодит амьдрал дээр хүртэж чадахгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа. Эдийн засгийн өсөлтөө гэртээ "оруулж" чадаагүй эрх баригчдын ам, ажлын зөрүүг Хэнтийчүүд хатуухан шүүмжилж, Монгол Улсад шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн хүчин үгүйлэгдэж байна гэв.

Үзэл баримтлалаа танилцуулах, сурталчлах аян орон даяар үргэлжлэх бөгөөд Ардчилсан намын удирдлагууд үргэлжлүүлээд Дорнод, Сүхбаатарт ажиллана.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу