ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР Х.БАТСҮРЭНГ ТОМИЛОХ ЗАРЛИГ ГАРГАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.05.09/ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлиг гаргалаа. Улсын Дээд шүүхийн шүүгч нарын зөвлөл өнөөдөр /2019.05.07/ хуралдаж, Ерөнхий шүүгчид Х.Батсүрэн олонхын санал авч, Ерөнхийлөгчид танилцуулсан бөгөөд ийнхүү Ерөнхий шүүгчээр томилох зарлиг гаргажээ.

Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй.

Боловсрол:

  • 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи
  • 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
  • 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
  • 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
  • 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр
  • 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус  ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа нэгэн аж.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигийг гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлөх зарлиг гаргасан билээ. Түүний дараа Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс томилохоос татгалзсан юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу