УИХ-Д УРВАГЧИД СУУЖ БАЙНА

УИХ уг нь хууль тогтоох дээд байгууллага юм сан. Гэтэл сүүлийн жилүүдэд үндсэн үүрэг нь алдагдсан, гадна дотнынхны гар хөлийн байгууллага болчихлоо. Ингэж хэлдгийн учир нь энэ Их Хуралд суугчдын ихэнх нь иргэдийг төлөөлж сууцгаагаа умартсан, эрх мэдэл, ашиг хонжоо хайгчид аж.

Энэ долоо хоногийн хамгийн дуулиан дагуулсан асуудал бол Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт байлаа. Уг нь тус ажлын хэсгийнхэн удтал ажилласны эцэст нэг юм дүгнэлтээ танилцуулах гэж байсан царай нь тэр.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг бараг жил гаруй шалгаад өнгөрсөн онд дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ Улсын нууцын тамгатай дүгнэлтээ гишүүдэд тарааж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байв.

Гэтэл тэрхүү нууцын тамгатай дүгнэлттэй нь гишүүд танилцаж амжаагүй байтал “Оюутолгой” ХХК-иас  дүгнэлттэй танилцсан тайлбараа УИХ-д ирүүлжээ. Учир нь Монгол Улсын нууцын зэрэглэлтэй баримт бичгийг Монгол төрийн эрхийг барих дээд байгууллагын хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан хувийн сонирхлоор уу, хамтын сонирхлоор уу ямар ч байсан “Оюутолгой” ХХК-д урьтаад өгчихсөн хэрэг.

Тиймээс энэ хооронд хөрөнгө оруулагч талынхан ихэд болгоомжилж, өөрсдийгөө хамгаалах, цаашилбал ажлын хэсгийн дүгнэлтийг баллуурдах, хүчгүйдүүлэх ажилдаа аль хэдийнээ орсон бололтой. Ийнхүү Их Хурлын гишүүд нь ч гарчиглаж амжаагүй Оюутолгойг шалгах ажлын хэсгийн нууц дүгнэлт хөрөнгө оруулагч нарт хүрчихжээ.  

Гэтэл тус дүгнэлтийг дамжуулсан гэх УИХ-ын гишүүд одоо ч бие бие рүүгээ бухсаар сууна. Гэхдээ ажлын хэсгийн нууц дүгнэлтийг аваачиж өгсөн хүн нь бараг ил тодорхой болж байх шиг.

Тэр хүн бол ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир. Тэрээр алдагдсан дүгнэлтийн талаар уржигдархан “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнханд би өгөөгүй” гэж байлаа. Гэтэл өчигдөр УИХ-ын Тамгын газрын ажилтан “…Д.Дамба-Очир дарга өнгөрсөн баасан гаригт материалыг “Оюутолгой” ХХК-д өг гэж хэлсэн” гэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын ажилтан Байнгын хорооны хурал дээр Д.Дамба-Очир дүгнэлтийг “гаргасан” гэдгийг зарлачихсан юм.

Мөн дээрх УИХ-ын Тамгын газрын ажилтны хэлснийг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва ч бас бататгаад байгаа. Тэрээр уржигдар хэвлэлд өгсөн яриандаа “ …Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн тав дахь өдөр Оюутолгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдрийн /Пүрэв гарагийн/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-очир "Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио Тинто"-д очсон нь үнэн. Гэхдээ нууцын зэрэглэлтэй материал байгаагүй" хэмээн мэдэгдлээ.

Энэ бүхнээс үзэхэд ажлын хэсгийн дүгнэлтийг хэн дамжуулсан нь бараг тодорчхож байгаа юм. Гэхдээ эцсийн байдлаар хуулийнхан нарийн шалгаж шийдэх асуудал.

Ийм л ноцтой байдал энэ УИХ-д үүсчихжээ.

Ямартай ч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Оюу Толгойд" 43 хуудас материал очсон. Нууцын зэрэглэлтэй материал байгаагүй хэмээлээ. Хэрэв тэрээр нууц дүгнэлт дамжуулсан нь ил болбол ялд унах нь тодорхой. Яагаад гэвэл энэ дүгнэлтээс жижигхэн цаас дамжуулсан этгээд “урвагч” хэмээгдэн шийтгэгдсэн удаатай. Цаашилбал ажлын хэсэг, УИХ-ын даргад ч хариуцлага тооцох асуудал яригдах биз...

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу