Н.АЛТАНХУЯГ НАР 2020 ОН ХҮРТЭЛ С.ЭРДЭНЭТЭЙГЭЭ ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР ЗАМ ҮГҮЙ

Өнгөрсөн хугацаанд АН-ын шинэчлэлийн ажилд гар бие оролцоогүй, алсаас ажиглагчид гэнэт ухаан орж намаа шинэчлэнэ гэж цамнах болов. Тэрхүү хэсэг бүлгийг “Алтангадас” фракц гэх аж. Толгойлогч нь Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг. Тэдний ганц зорилго нь АН-ын шинэчлэлийн хүрээнд дарга болсон С.Эрдэнийг зайлуулах. Тэгж гэмээнэ ирэх сонгуульд фракцынхаа нөхдийг чихэж, дахин төрд шургалах боломжоо нээх. Тэд ийм л зорилготой АН-ыг самрах оролдлого хийж эхлэв.

Ер нь Н.Алтанхуяг нар 2016 оны АН-ын их ялагдлаас хойш намдаа хоноцын сэтгэлээр хандаж ирсэн. Тодруулбал, намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд гарч чадаагүй Н.Алтанхуяг нэг хэсэгтээ намдаа гомдсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд дахин нэрээ дэвшүүлж ялагдсанаар АН-ын хаалгыг татахгүй алсуур даялах болсон юм. Ингэж л Н.Алтанхуягаар толгойгоо хийсэн “Алтангадас” хэмээгчид намаа шинэчлэхэд гар бие оролцох бус, намаа хагалахаар өш зангидаж эхэлсэн байдаг.

Гэвч тэдний сүрт ажиллагаа хүссэнээр нь бололгүй эхэлсэн даруйдаа төгсөв бололтой. Учир нь “бясаагаа алах гэж байж байшингаа шатаав” гэгчийн үлгэрийг Н.Алтанхуягаар ахлуулсан “Алтангадас”-чууд давтлаа. Тэд С.Эрдэнийг АН-аас зайлуулна гэж ханхалзаад ч тусыг эс олов. Хариуд нь харин ч өөрсдөө хөөгдлөө. 

Ийнхүү өөр хоорондоо өвч зэвсэглэн дайтсан тэд зорилгодоо хүрэлгүй бут ниргүүлэв. Угаасаа тэд намын даргатайгаа дайтаад унагах боломж байхгүйг АН-ын экс дарга З.Энхболд хэлсэн байна билээ.

Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр яаж ч бослого гаргасан С.Эрдэнэ гэдэг хүнтэйгээ сонгуульд орно. Одоо өөрчлөх ямар ч боломжгүй. Өөрөө өргөдлөө өгнө, нэг бол сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцуулна гэдэг хоёрхон сонголтыг дүрэмд суулгаж өгсөн. Намын шинэчлэл бүрэн хийгдэж дууссан. Одоо бүгдээрээ дүрмээ унш. Сонгуульд ялагдсан намын дарга дахиж даргад өрсөлдөхгүй гэдэг шударга дүрэмтэй болгочихсон. Дундуур нь намын даргыг солих боломжгүй. Тэгэж бодож, зорьж яваа хүн байгаа л байх. Гэхдээ боломжгүй” гэжээ.

Тэгэхээр Н.Алтанхуяг нар намын даргаа сөрөхөөс илүүтэй эвлэрэхээс өөр замгүй болсон нь тэр. Эс бөгөөс замаа хөөхөөс өөрцгүй. Шалтгаан нь тэд яаж ч бархираад, юу гэж ч орилоод, мэдэгдээд С.Эрдэнэд нөлөөлж чадахгүй нь тодорхой аж. Тэртээ тэргүй АН-д Н.Алтанхуягаас илүүтэй ард түмэн дүнг нь тавина.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу