ТУЛАМ БУЛААЛДАХ ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БАГ ҮЛДЭВ

Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод Үндэсний морин спортын тулам булаалдах /көкпар/, морин дээрх барилдаан /Аударысбах/, морин дээрээс мөнгө шүүрэх /тенге илу/, морин дээрээс харвах /жанбы ату/ зэрэг спортын төрлүүдээр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Анхдугаар тэмцээнд БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикстан, Монгол зэрэг есөн орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээний эхний медальтнууд тодорч эхэллээ.

Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын НБТАЗүйч, Монгол, Казах үндэсний спортын холбооны тэргүүн А.Ромоор удирдуулсан 28 тамирчин оролцож байгаа. Манай баг тамирчдын эхний төрлүүдэд амжилттай оролцож, медалын болзол хангаж эхэллээ.

Тэмцээний гол төрлийн нэг болох Тулам булаалдах спортын төрөлд Монгол улсын баг Тажикстан /2:0/, БНХАУ /5:3/, ОХУ /5:3/-ын баг тамирчдыг ээлжлэн хожиж, аваргын алтан медалын төлөө тоглохоор шалгаран үлдлээ. Манай тамирчид зохион байгуулагч орон Казахстаны багтай Ням гаригт тоглоно.

Мөн морин дээрээс шүүрэх төрөлд есөн орны 19 тамирчин оролцсоноос С.Женисбек хүрэл медалын хүртэж, Монголын багийн медалын салхийг хагалсан бол У.Айболат шагналт дөрөвдүгээр байрыг эзэллээ. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр, маргааш морин дээрээс харвах болон морин дээрх барилдааны төрлүүд явагдаж, медальтнууд тодорно. Морин спортын сонирхолтой төрлийн нэг болох морин дээрх барилдаан 50, 60, 70, 80, +80 кг-ын жинд шилдгүүдээ тодруулах юм.

Алматы хотод Үндэсний морин спортын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-ны өдөр эхэлсэн бөгөөд 21-д хаалтаа хийнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу