Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТЭР ИРВЭСНИЙ НУТАГ ЧИНЬ ХОЛ БАЙГАА. УУРХАЙГ ЗОГСООХ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь цоохор ирвэсний нутаг болсон алдарт Тост, Тосон бумбын нурууг аль хэдийнээ ухаж, там болгож эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Би “Сауд гоби коэл транс”  компанийн 50 хувийг нь эзэмшиж байсан нь үнэн. 2011 онд гаднын компани эзэмшиж байхад нь худалдаж авсан юм билээ.  Хайгуулаа хийгээд, 2013 онд тусгай зөвшөөрөл болгож авсан. Тосон бумбын нуруу гэдгээс 58 км хол, ийм газар байгаа юм.

Тэр 50 км-ийн цаана ховор амьтан, ургамлууд нь байдаг юм гэсэн. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Хууль зөрчсөн ямар үйлдэл байна. Тэрийг одоо тайлбарлаад өг л дөө. Би 2015 онд лицензийг нь шилжүүлж өгсөн. Ашиг муутай юм шиг болохоор нь шилжүүлээд өгчихсөн. Тэр ирвэстэй нутгийг тусгай хамгаалалтад авсан нь зөв шүү дээ. Авсан. Одоо энэ байгаа “Сауд гоби коэл транс”  компанийн уурхай бол яг зэргэлдээ баруун талд нь байгаа уурхай. Ан, амьтан эх орноо зольсон юм огт байхгүй.

Нэгдүгээрт, тэнд чинь бас 1000 гаруй хүн ажиллаад цалин авч байна. Энэ бас нийгмийн асуудал биш үү. Хоёрдугаарт, татвар төлж байна. Гуравдугаарт, Тэр Тосон бумбын нуруу, тэр ирвэсний нутаг чинь хол байгаа гэж байна шүү дээ. Тэгвэл энэ бусад уурхайнуудыг яагаад ярихгүй. Зөвхөн намайг яриад байгаа юм. Би улс төрд байсан учраас наана чинь тийм асуудал гараад байгаа шүү дээ. Уурхайн үйл ажиллагааг нь зогсоох бололцоо байхгүй. Яагаад гэвэл хууль зөрчөөгүй. Намайг ийм хууль зөрчсөн гээд одоо ямар нэг зүйл Монголд улсын хүчинтэй төгөлдөр үйлчилж байсан болон үйлчилж байгаа хуулиас харж байгаад хууль зөрчсөн гэдэг асуудлыг гаргаад ир л дээ” хэмээлээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу