ЗАСГИЙН ГАЗРААС ХЯТАДЫН КОМПАНИД "АМЛАСАН" 50 ГА ГАЗРЫН АСУУДЛЫГ ДОТООДЫН ХҮЛЭМЖ ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын "Тяньжин Фүүдс" компанид өгсөн гэх мэдээлэл гараад удсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун болон хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийн төлөөлөл  мэдээлэл хийлээ.

Сануулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Энэ үеэр уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжихгүй, буцаасан байна. Учир нь 50 га газар нь Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний том газар аж. Энэ газарт Хятадын компани хүлэмж ажиллуулбал Монголын аж ахуйн нэгжүүдийг “унагах” хор уршигтай. Мөн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

Гэвч тухайн өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг илгээж, энэ ажил цааш үргэлжлэхийг дуулгасан байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тодорхой боллоо гэдгийг төлөөлөгч С.Мөнхчулуун хэлж байна.

Тэрбээр хэлэхдээ "НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох "Тяньжин Фүүдс" ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх тухай асуудал орж ирсэн. 

Улаанбаатар хотын 50 га газар гэдэг нь Монгол Улсад буй нийт хүлэмжийн аж ахуй эрхэлж буй газрын 90 хувьтай тэнцэхүйц том газар гэсэн үг юм. Тийм учраас Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд төдийгүй улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр НИТХ-ын Тэргүүлэгчийн зүгээс энэхүү асуудлыг зөвшөөрөөгүй юм.

Гэвч хурлын дараа, тус өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөр компаниар дамжуулан энэхүү ажлыг зохион байгуулж, хийх болсон тухай тэмдэглэсэн албан бичгийг өөрөө ЗГХЭГ-т хүргүүлсэн нь тус ажил цааш биеллээ олж, хэрэгжихээр болсныг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 50 га нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай компани хүлэмжийн аж ахуй эрхлэх болж байна.

Энэ асуудлаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч зарим иргэн надтай холбогдож, санал солилцсоны үндсэн дээр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө, аж ахуйн салбар хариуцсан сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хэрэв тус ажлыг зогсоож, шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид дараа дараагийн тэмцлээ эхлүүлэх болно" хэмээлээ.

Тиймээс Ерөнхий, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага  хүргүүлж буй аж. Ингэхдээ Тяньжин Фүүдс компанид олгох гэж буй 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүссэн байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ЖДҮХС-ийн зээлээс олгохыг шаардсан шаардлагын хариуг 5 хоногийн хугацаанд авахаа тэд мэдэгдлээ.

No photo description available.

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу