МАН-ЫН СҮҮЛЧИЙН “ШАХАА” БУЮУ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО

Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн улсад суух Элчин сайдыг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох талаар зөвшилцөх тухай сураг дуулдаж эхэллээ. Тэр ч бүү хэл хэн, хэн хаана элчингээр суухаар нэрс нь яригдаж байгааг хэвлэлүүд онцолж эхэллээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2019.04.24-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд зарим улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг танилцуулахаар тогтжээ. Улмаар Засгийн газар тэднийг дэмжвэл УИХ-тай зөвшилцөх ажил даруй эхлэх ажээ. Одоогоор чухам хэн хэнийг Элчин сайдад нэр дэвшүүлж буй талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд нууцалж байгаа ч Засгийн газрын төвшинд үндсэндээ ойлголцсон тул татгалзалгүй, УИХ-д саналаа хүргүүлэхээр бэлдэж буй бололтой.

Өнөөдрийн байдлаар манай улсаас нийт Дипломат төлөөлөгчийн 49 газар ажиллаж байгаа бөгөөд 29 нь Элчин сайдын яам юм. Тэгвэл энэ удаад нийт 18 Элчин сайдыг өөрчлөх гэнэ. Тодруулбал, Австралид Н.Анхбаяр, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газарт В.Энхболд, Тайландад А.Төмөр, Унгарт Б.Баярсайхан, Италид Х.Мандахцэцэг, Энэтхэгт Э.Сарантогос, Египетэд М.Цэнгэг, Шведэд Ц.Даваасүрэн, Кубад Ж.Сэрээжав, Хятадад С.Энхбаяр, Орост Х.Наранхүү, Туркт Э.Мөнх-Очир, БНСУ-д С.Эрдэнийг Элчин сайдаар томилуулахаар зэхэж буйг зарим томоохон хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ удаагийн гадаадын улс орнуудад элчин суухаар нэр яригдаж байгаа эрхмүүдийн дотор мэргэжлийн дипломатч нэн ховор байна. Нэр нь яригдаж байгаа ихэнх хүмүүс шахааны, эсвэл аав, ах, дүүс нь төрийн өндөр албан тушаалтай, цагаан гартнууд, тэр бүү хэл өмнө нь гэмт хэрэгт холбогдож өршөөлийн хуулиар ял завшсан  “сайн эр” ч багтсан байна.

Жишээ нь Австралид суух элчингээр нэр нь яригдаж буй Н.Анхбаяр гэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү юм. Тэрбээр өдгөө Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаа. Сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр 2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж байсан бол Гадаад харилцааны яам, дипломат албанд 2007 оноос хойш ажиллажээ. Н.Анхбаяр 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар сууж байв.

Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас Н.Анхбаяраас гадна Төрийн нарийн бичгийн дарга болон газрын захирлаар ажиллаж буй хэд хэдэн хүн гадаадад суух элчин, консулд нэр нь яригдаж байна.

Мөн цагтаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж, Үйлдвэр, худалдааны сайдаар томилогдож явсан Х.Наранхүү хүртэл гадаадад тэр дундаа ОХУ-д элчин суухаар яригдаж эхэлжээ. Х.Наранхүүгийн хувьд өмнө нь төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан юм.

Энэ мэтчилэн олон асуудалтай эрхмүүд, цагаан гартнууд, сайд дарга нарын хамаатнууд, өмнө төрд олон жил өндөр албан тушаал хашсан нөхдүүд гадаадад суух элчингээр томилогдохоор яригдаж байна.

Энэхүү томилгоог сонссон иргэд олон нийт "эрх баригч МАН-ын төрийн эрх барих хугацааны сүүлчийн шахаа байгаасай" хэмээн уулга алдаж сууна. Учир нь дөрвөн жилийн хугацаанд эрх баригч МАН-ынхан ажил хийлгүй зөвхөн албан тушаалын халаа, сэлгээ хийсээр ирсэн юм. Тэгээд ч зогсоогүй тэд хаана л албан тушаал, эрх мэдэл байна тэр бүгдэд өөрсдийнхөө хүмүүсийг байршуулсан гэж хэлж болно.

Одоо шахъя ч шахах зайгүй, оръё ч орох нүх үлдсэнгүй дээ...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу