ХУЛГАЙЛАГДСАН СОЦИАЛИЗМАА ЭРГҮҮЛЖ АВЪЯ!

2010 оны 4 дүгээр сард сонинд нийтлэгдсэн Монголын Эв Хамт Холбооны Тунхаг бичгийг дахин толилуулж байна.

Хулгайлагдсан социализмаа эргүүлж авъя!

Монголын Эв Хамт Холбооны тунхаг

«Ардчилсан Хувьсгал» хэмээх 90 оны үйл явдал алдаа болсон гэдэг нь одоо нэгэнт тодорхой болоод байна. Хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэх нэрээр бүтэн жилийн турш одон тарааж сагсуурсан үйл ажиллагаа «Бид юу олж авсан бэ?» гэдэг асуултыг, 90 оны тэр хэрэгт манлайлан оролцож байсан хөдөлмөрчин ангийн өмнө тавьжээ. Баруун солгойгүй одон тараасаар байгаа Элбэгдоржтонгууд үүнийг олж харахгүй омогшиж байгаа нь инээдтэй хэрэг юм. Тэд, хөдөлмөрчин ангийг хуурснаа хэдэн одонгоор цайруулчихна гэж боджээ. Гэтэл эсрэгээр, одон өгөх бүрийд, «Би өнгөрсөн 20 жилд энэ төмрөөс өөр юуг амьдралдаа олж авсан юм бэ?» гэдэг асуултыг хөдөлмөрчин ангийн эгнээнд тэмцэж явсан хүн бүрийн өмнө тавьжээ.

  Нэхэн санацгаая!

  Энэ хорин жилд чухам юу болсон бэ? гэдэг асуултад хариулахын тулд үйл явдал өрнөж эхэлсэн гарааны цэгээ нэхэн санах нь зүйтэй. Улстөрийн онолын үүднээс нь аваад үзвэл гарааны цэг нь “Шинэ үе“ ухуулах хуудас наасан тэр үе ч биш, Ардчилсан Холбооны анхны цуглаан хийсэн тэр өдөр ч биш, улстөрийн зорилтоо шинжлэх ухааны үндэстэйгээр тунхагласан 1990 оны 2-р сарын 18-ны Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурал хуралдсан тэр өдөр билээ. Энэ Их хурлын индэр дээрээс тавьсан улстөрийн илтгэлд ангигүй нийгмийн оршил болсон социализм байгуулах үйл явц гажуудаж, манай нийгэмд хөдөлмөрчин анги, дарга ямбатны анги  бий болсныг анх удаа шинжлэх ухаанчаар задлан шинжилж, онолын хувьд нээснээ зарласан юм. Тэр үед Монголын нийгэм нь нэг талаас нэгдлийн малчид, сангийн аж ахуйн тариаланчид, үйлдвэрийн ажилчдаас бүрдсэн хөдөлмөрийн анги, нөгөө талаас нам-төрийн албан тушаалтнуудаас бүрдсэн дарга ямбатны анги гэсэн хоёр ангид хуваагдаад байсан нь баримт юм. Энэ бол ангигүй нийгэм байгуулах марксизм-ленинизмийн аугаа зорилтоос ухарсан ноцтой гажуудал байлаа. Дарга ямбатны анги нь хөдөлмөрийн ангийг дээдлэх пролетарийн диктатурын зорилгыг уландаа гишгэж хөдөлмөрчин ангийг захиргаадалтын аргаар мөлжиж эхэлсэн юм. Мөлжлөгөөр олж авсан ашгийг өөрсдийнхөө тусгай хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж байлаа.

Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлын улстөрийн илтгэлд “Энэ анги (дарга ямбатны ангийг хэлж байна) хуучин аргаар улс орноо хөтөлж чадахаа больж, ард олон захиргаадалтын аргаар удирдуулахыг хүсэхгүй болж, дарга ямбатны анги, хөдөлмөрийн анги хоёрын зөрчил улам гүнзгийрсээр хувьсгалт тохироог бүрдүүлсэн билээ. Монголын Ардчилсан Холбоо энэхүү зөрчлийг нийгэм-улстөрийн үндсэн зөрчил гэж тодорхойлж байна.” хэмээн хувьсгалт нөхцөл байдлыг тодорхой заан тусгасан. Тэгээд «тодорхой чиглэсэн тактикийг шийдэмгий...» хэрэгжүүлэх замаар социализмд учруулсан цогцолбор шинжтэй  харш гажуудлуудыг арилгах 2 шатлалтай хувьсгалт шинэчлэлийг 10 жилийн хугацаанд хийх хөтөлбөрөө ард түмэндээ зарласан юм. 10 жилийн энэ хөтөлбөр хэрэгжсэнээр « ...хөгжингүй капитализмыг бодвол хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил цэцэглэлтийн илүү өндөр үе ШАТ...» болох «жинхэнэ социализм»-д хүрнэ гэж тооцсон юм. Хувьсгалт шинэчлэлийг эхлүүлэх цохилт нь дарга ямбатны ангид үйлчлэх нам-төрийн тогтолцоог хүчээр устгах явдал байлаа. Үүний тулд Ардын Их Хурлыг тарааж Түр Хурал байгуулах, нийгмийн өмчийг бүрэн сүйтгэж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийг Ард Түмний Онц Зөвлөлөөр шүүж яллах шаардлагатай байсан юм. Ийм төлөвлөгөөгөөр хөдөлмөрийн ангийн ардчилсан хувьсгал явагдах ёстой байлаа.

Урвагчид

Гэтэл жинхэнэ социализм байгуулах хөдөлмөрийн ангийн ардчилсан хувьсгал хийх Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэргээс Элбэгдорж, Зориг, Батүүл нар болон тэднийг тойрон хүрээлэгчид гутамшигтайгаар урвасан юм. Энэ этгээдүүд хөрөнгөтний либераль ардчилсан хувьсгал хийнэ гэдгээ зарлан тунхагласан Шинэ Дэвшилт Холбоо-түүний удирдагчид Да.Ганболдтон, Ардчилсан Социалист Хөдөлгөөн-түүний удирдагчид Баабартангуудын ятгалгад автаж хөдөлмөрийн ангийн хувьсгалыг хөрөнгөтний хувьсгал болгон хазайлгасан нь түүхийн үнэн билээ. Ийм урвалт болоогүй бол монголчууд бид өнөөдөр социализм бүтээн байгуулахад учирсан харш гажлуудыг арилгаад жинхэнэ социализмаа байгуулах шатандаа орсон байхаар байлаа.

 Хөрөнгөт ангийн төр бий болсон нь

Урвагчдын урвалт нэн амжилттай болсны тод гэрч нь 1992 оны 1-р сарын 13-ны өдөр яаран хэлэлцэн баталсан шинэ Үндсэн хууль билээ. Энэ Үндсэн хууль батлагдсанаар Монгол орон капиталист хөгжлийн замыг сонгож авсныг баталгаажуулжээ. Монгол улс Лениний «Үндсэн хуулирхах хоосон санааны тухай» бүтээлд онцгой онож тодорхойлогдсон тэр хөрөнгөтний бүгд найрамдах улс болжээ. Ийнхүү; 1924 онд сонгож авсан, капиталист бус хөгжлийн зам, 1961 оны Үндсэн хуулиар зарлагдсан социализмыг бүтээн байгуулах их үйл хэрэгт цэг тавигджээ.         

Шинэ Үндсэн хуулийн «чимэг» хэмээн сайрхдаг парламентат ёс бол хөрөнгөтний төрт ёс юм. Ленин «Төр ба хувьсгал»хэмээх суут бүтээлдээ « Ноёрхогч ангийн ямар гишүүн нь парламентад орж ард түмнийг дарж, дарлан нухчиж байхыг хэдэн жилд нэг удаа шийдвэрлэх чухам энэ явдал бол хөрөнгөтний парламентат ёсны жинхэнэ мөн чанар...» гэжээ. Гайхалтай үнэн зөв тодорхойлсон байгаа биз? Энэ үнэнийг өнөөдөр хэн манай хөдөлмөрийн ангиас, ард түмнээс нууж чадах юм бэ? УИХ-ын 76 гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад л бүгд хөрөнгөтөн ангийн төлөөлөгч гэдэг нь илт шүү дээ. Тэд хувийн хөрөнгийнхөө хэмжээгээр л хоорондоо ялгарч байгаа болохоос бус бүгд хөрөнгөтнүүд. 76 дотор хөдөлмөрийн ангийн төлөөлөгч, ядуучуудын төлөөлөгч нэг ч байхгүй байгааг хар! Жирийн хөдөлмөрчид, ядуус саналаа зарж чадахаас биш УИХ-ын гишүүн болох заяагүй хүмүүс.

Иргэдийнхээ саналыг худалдаж авчхаад «Сонгогдсон ард түмний элч билээ-Би» гэж сагсалзах хөрөнгөтнүүд цаашид олон түмнийг хуурах нь нэгэнт өнгөрчээ.

Хөдөлмөрийн ангийг устах хорон санаат өмч хувьчлал

Ардчилагчид хэмээн өөрийгөө өргөмжилдөг хөрөнгөтөн ангид урван шарвагч  ноход хөрөнгөтний төрийг бий болгоод зогсохгүй хөдөлмөрийн ангийг устгах хорон санаа агуулсан өмч хувьчлал гэх шуналын ажилдаа Үндсэн хуулиа баталмагцаа ханцуй шамлан орлоо. Социализмын үзэл санаанаас улаан цайм “урвасан хулгай” хуучин коммунист Бямбасүрэнгийн Засгийн газрын тэргүүн шадар сайд Да.Ганболд энэ ажлыг удирдан зохион байгуулсан юм. Тэр бээр хамгийн тэргүүнд “малыг нь малчдад нь” хэмээн өнгөц сонсоход сэтгэл татсан өнгийж харвал социалист өмчийн нэг хэлбэр болох нэгдлийг тараан малыг нь малчдад хувааж өгсөн нь хөдөлмөрийн анги дахь малчин ангийг устгах сайтар төлөвлөсөн хорлонтой ажил байсныг хүмүүс тухайн үед  ойлгоогүй. Энэ арга хэмжээ эдийн засгийн хувьд ямар ч утгагүй байсан. Улс ардын аж ахуйн амин сүнс болсон хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрүүдэд түүхий эд найдвартай бэлтгэн нийлүүлдэг нэгдэл хэмээх 360 гаруй аж ахуйн малыг малчдад тарааснаар төлөвлөгөөт бэлтгэлийн ажил зогсож үйлдвэрүүд хаалгаа барихад хүрсэн явдлыг эдийн засгийн хувьд ухаалаг арга хэмжээ гэж хэн хэлж зүрхлэх юм бэ? Нэгдлийг хувьчилж малыг малчдад өгсөний үр дүнд эзний халуун сэтгэлийн ач буянаар мал маань өслөө гэж Элбэгдорж хөөрч байсан нь шал худлаа байсан. Нэгдэл байх үед жилдээ 10 гаран сая толгой малыг нядалж мах, арьс шир, нэхий, ноос ноолуурыг нь үйлдвэрүүддээ зарж борлуулдаг байсан шүү дээ. Энэ борлуулалт зогсохоор мал сая саяараа өсөлгүй яах юм. Тэгэхээр нэгдэл тарснаар эдийн засаг үнэндээ сүйрч эхэлсэн. Ийм болно гэдгийг Ганболд, Элбэгдорж, Батүүл нар сайн мэдэж байсан. Тэдний гол зорилго хөдөлмөрийн ангийн хамгийн том хэсэг болох малчин ангийг устгах явдал байсан юм. Нэгдлийг тараах хорон санааны цаад улстөрийн зорилгыг мэдсэн цөөхөн нэгдлийн дарга-депутатуудын санаачлагаар шинэ Үндсэн хуулинд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалтыг оруулж нэгдлийг тараах явдлыг зогсоох гэж оролдсон юм. Гэсэн ч хөрөнгөтний хоточ ноход Үндсэн хуулийн энэ заалтыг үл тоон хуцан боорлосоор санасандаа хүрч нэгдлийн малчдыг ардын аж ахуйтан нэртэй жижиг хөрөнгөтний анги болгон хувиргасан билээ. Жижиг хөрөнгөтөн болсондоо шинэ цагийн нудраганууд яаж онгирч байсныг Алтан Мажиг нарын сагсуурлаас манай иргэд харсан.

Ганболдтонгууд нэгдлийг тараамагцаа дараагийн ээлжинд дэлгүүрүүд болоод жижиг дунд үйлчилгээний газруудыг бага хувьчлалын ягаан тасалбараар хувьчлан энэ салбар дахь жижиг хөрөнгөтний ангийг бий болгосон. Төд удалгүй их хувьчлалын эрхийн бичиг гэгчээр хөнгөн, хүнсний томоохон үйлдвэр, САА-нууд, зочид буудлуудыг ээлж дараалан хувьчилсан. Төрийн мэдлийн сонин хэвлэл, Улсын арилжааны банкууд, Махимпекс, АПУ, Спирт балбурам, Алтан Тариа, НИК гэх зэрэг Монголын социалист бүтээн байгуулалтын бэлэг тэмдэг болсон үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлах нэрээр хувь хүмүүст өгч том хөрөнгөтнүүдийг бий болгосон. Улсын орон сууцыг хувьчилсан. Арай л Монгол Улсыг хувьчлаагүй. Ийм өргөн цар хүрээтэй тийм ахар богино хугацаанд өмч хувьчлал хийсэн түүх дэлхийд ховор билээ.

Батүүлийн санаачлага идэвхтэй хүчин чармайлтаар гадаад паспортыг хавтгайруулан олгох замаар Дэнжийн мянгын  панзчидыг ганзаганд явуулж хөрөнгөтний шинэ ангидаа “элсүүлж” хүрээг нь эрчтэйгээр тэлж байв. Монголын сор болсон олон мянган залуучуудыг экспортын “таваар” болгон хүн ам зүйн бодлого сүйрүүлсэн ялыг Батүүлд үүрүүлэх ёстой.

Ардчилагчид хэмээн өөрийгөө нэрлэгсэд өмч хувьчлалдаа “ангийн дайсан” нь болох коммунист МАХН-ын гишүүдийг өргөн хамруулж байсан. Хуучин коммунистууд ичих ч үгүй шинэ цагийн хөрөнгөтөн баячууд болцгоолоо. Батүүл “Коммунистууд хөрөнгөт ангид элсэж байгаа нь бидний сонгосон замд тээг болох ангийн дайсан тэр хирээр устаж байна гэсэн үг” хэмээн их хоржоонтойгоор хэлж байсан нь өмч хувьчлалын улстөрийн зорилгыг шуудхан чалчин хэлсэн хэрэг юм.

Өмч хувьчлалын гол зорилго эдийн засагт байгаагүй, хөдөлмөрийн ангийг устгах улстөрд байсан. Монголын шинэ цагийн жижиг том хөрөнгөтнүүд бүгд нийлээд Да.Ганболдын төрүүлсөн “хөрөнгөтний анги” мөн. Хөрөнгөтний хувьсгал хийгчид энэ чиглэлээр багагүй амжилт олсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ хөдөлмөрийн ангийг устгаж бараагүй, барах ч үгүй. Өнөөдөр тэдний эгнээнд хэдэн арван мянган хүн байсаар байна.

Хууран мэхлэх эрх чөлөөг бий болгосон нь

Хөдөлмөрийн ангийг устгах зорилготой өмч хувьчлалын зэрэгцээ хөдөлмөрийн ангийг хууран мэхлэх зорилгоор төрийн мэдэлд байсан мэдээллийн хэрэгслүүдийг хувьчилж хөрөнгөтний гарт шилжүүлсэн юм. Тэд үүнийгээ «хэвлэлийн эрх чөлөө» гэдэг нэрээр халхавчлан хийсэн. Үүнийг санаачлагч нь жинхэнэ социализм байгуулах, Ардчилсан Холбооны анхдугаар их хурлын шийдвэрээс урвасан мөнөөх Батүүл билээ. Тэрбээр 1998 оны УИХ-ын намрын чуулганы хуралдааны төгсгөлд дэг зөрчин байж төрийн байгууллагуудын мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхыг хориглосон хууль яаран гаргуулсан байдаг. Тэгээд «Ардын эрх», «Засгийн мэдээ» зэрэг төр засгийн бүх сонинг богино хугацаанд хувьчлуулах замаар өөрийн хорон санааг хэрэгжүүлсэн. Өнөөдөр бараг бүх мэдээллийн хэрэгсэл хөрөнгөтнүүдийн гарт байна. Хөрөнгөтнүүдийн гарт орсон хэвлэх эрх чөлөөний мөн чанарын тухай Ленин «Зохион байгуулах хурлыг яавал амжилттай болгох вэ?» нийтлэлдээ, «Энэ нь үнэн хэрэг дээрээ хэвлэх эрх чөлөө биш, харин баячууд хөрөнгөтнүүдээс дарлагдан мөлжигдсөн ард олныг хууран мэхлэх эрх чөлөө юм...Үүний учир нь сонин хэвлэл гаргах нь баячуудаас олон сая рубль зарцуулдаг ашиг орлого ихтэй том капиталист арга хэмжээ юм. Хөрөнгөтний нийгмийн «хэвлэх эрх чөлөө» нь баячуудаас мөлжигдөн дарлагдсан ард олныг, ядуучуудыг өдөр тутам олон сая хувиар гардаг хэвлэлээр тасралтгүй, гуйвалтгүй хууран мэхлэх, завхруулах, төөрөлдүүлэн мунхруулахад оршино» гэсэн нь хэчнээн үнэн болохыг одоо бид хараад сууж байна.   

 Хөрөнгө оруулагч нэрээр харийн колончлолыг оруулж ирсэн нь

Урвалтын үр дүнд хийгдсэн 1990 оны хөрөнгөтний хувьсгалд Хойд Америк, Баруун Европ, Япон, Өмнөд Солонгосын капиталист засгийн газрууд халуун баяр хүргэж байлаа. Тэд ардчиллыг дэмжих нэрийдлээр шинээр буй болоод байсан хөрөнгөтний төрийг улстөр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг бүх чиглэлээр дэмжихээ илэрхийллээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр 90 оны 6-р сард яаран давхиж ирээд «Ардчилсан хувьсгал» гээчид өөрийн биеэр баяр хүргэв. Түүнээс хойш капиталист орнуудын төр засгийн дээдчүүл айлчлал нэрээр монгол руу эх захгүй цувсаар өнөөдрийг хүрсэн. Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш 2005 оны намар, нэг өдрийн айлчлалаар Монголд ирэхдээ «Коммунизм, Терроризм хоёр адилхан юм» гэдгийг Монголын ард түмэнд дуулгах зорилготой байжээ. Гэтэл энэ хэлсэн үг түүний санаснаас эсрэг нөлөө үзүүлснийг тэр давлиун империалист мэдээгүй. Монголчууд социализм бүтээж байсан сайхан цагаа дурссаар байдаг, коммунист гэдэг нэр ард түмнээ «хайрлан хамгаалагч» хэмээн сонсогддогийг тэр яаж мэдэх билээ.

Хөрөнгөтний засгийн газрууд Монголын шинэ хөрөнгөтний засгийн газрыг улстөрийн хувьд дэмжээд зогссонгүй эдийн засгийн талаар өргөн дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголтын Банкны гишүүн орноор яаран элсүүлээд Хандивлагчдын Зөвлөлдөх Уулзалт хэмээхийг байгуулан Монголд капиталист эдийн засгийг бий болгох ажлыг далдаас удирдлаа. Хандивлагчдын Зөвлөлдөх Уулзалтын үйл ажиллагааг, хөдөлмөрийн ангийг устгах ажлыг гардан удирдаж байсан Да.Ганболд Монголын талаас хариуцсан нь санамсаргүй хэрэг биш. Чухамдаа Ганболд бол олон улсын капиталист засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын социалист эдийн засгийн үндэс суурийг эвдэн сүйтгэсэн билээ.

Капиталист засгийн газрууд монголчуудын ардчилсан сонголтыг дэмжиж байгаа гэх худал үг ярианы үнэн төрх нь Монгол орныг колоничлох явдал байсан. Хөрөнгө оруулалт нэрээр өрнөдийн капиталын ноёрхлыг тогтоож, Монголын эдийн засгийг эрхшээх зорилготой байсан. Өнөөдөр тэдний энэ зорилго  хэрэгжиж эхлээд байна.

МАХН-ын 7-р Их хурлаас феодал нударганчуудын хөрөнгө хураах, гадаадын капиталыг шахан зайлуулах гэсэн онцгой ач холбогдолтой хоёр үндсэн чиглэлийг гаргасан юм. Энэ хоёр үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр 60 он гэхэд социалист нийгэм байгуулах хөрс бүрдсэн билээ.

 Ерөнхий сайд асан М.Энхсайхан, барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг Монголд оруулах ажлыг идэвхтэй санаачлагчдын нэгэн байснаа өнөөдөр тэднийг «шахан зайлуулах» ёстой хэмээн үздэг болсон нь МАХН-ын 7-р Их Хурлын шийдвэр нь үндэсний эрх ашигт бүрнээ нийцсэн, цагийн аясыг ч даах чадвартай мэргэн шийдвэр байсны гэрч  билээ. 

Сүүлчийн бүтэлгүй оролдлого

Монгол Ардын Хувьсгалт Нам 11-р сарын 4-9-ний өдрүүдэд хуралдсан 26-р Их хурлаараа намынхаа нэрнээс «Хувьсгалт» гэдэг үгийг хасч намын нэрээ өөрчлөх шийдвэр гаргалаа. Өнгөцхөн харахад намын нэр өөрчлөх төдий хэрэг мэт боловч улстөрийн өнцгөөс нь харвал гүн гүнзгий утга агуулгатай өөрчлөлт юм.

Энэ бол Монголын нийгмийг эргэлт буцалтгүйгээр капиталист хөгжлийн замаар замнуулах болсныг илтгэсэн улстөрийн сүүлчийн шийдвэр. Энэ бол намын ангич байр суурийг үзэл санаанаасаа таягдан авч хаяж буйн илэрхийлэл. Ажилчин ангийн хувьсгалт үйл хэргийг манлайлах манлайллаасаа сайн дураараа татгалзаж байгааг харуулсан үйлдэл. Хөрөнгөтний нам болж байгаагаа битүүхэн тунхаглаж байгаа хэрэг. Үүний тод илрэл нь Монголын баячууд, «Хувьсгалт» гэсэн тодотголоос энэ нам салмагц хэдэн арваараа намд элсэж, түүнийгээ «Ардын Намын журамт цэрэг боллоо»  хэмээн сайрхаж байна. Энэ намд Данзантангуудын «сүнс» эргэж ирж дахин төрж эхэллээ.

Намын нэр гэдэг ултөрийн онц ач холбогдолтой гэдгийг Ф.Энгельс зориуд цохон тэмдэглэж байсан юм. Тийм ч учраас капиталист бус хөгжлийн замыг сонгож, улмаар социализмыг бүтээн байгуулах зорилтоо сонгож авсан Намын 3-р Их хурлын дараа Монгол Ардын Намын нэрийг Монгол Ардын Хувьсгалт Нам болгон өөрчилсөн юм. Намын шинэ нэр дээрхи «Хувьсгалт» хэмээх тодотгол нь Монгол оронд социализм байгуулах их үйл хэргийн улстөрийн утгыг илэрхийлсэн билэг тэмдэг нь байсаар ирсэн. Тэгэхээр «Хувьсгалт» гэдэг нэрнээс татгалзана гэдэг бол социализм байгуулах үйл хэргээс «урваж» байгаагаа албан ёсоор зарлаж байна гэсэн хэрэг мөн.

Гэхдээ монголын хөдөлмөрийн ангийн аз болоход Монгол Ардын Нам нэртэй шинэ хөрөнгөтний намын хорон санааг Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Шинэбаяр нар таслан зогсоож чадлаа. Тэд Монголын хөгжлийн замыг гажуудуулж хөрөнгөтний нийгмийг бий болгох олон угсраа ажлын сүүлчийн алхмыг зогсоож чадлаа. Энхбаяр, Шинэбаяр нартаа хөдөлмөрийн ангийн нэрийн өмнөөс баяр хүргэж байна! Эв Хамтын Холбоо МАХН-ыг дахин хөдөлмөрийн ангийн дайчин манлайлагч хүч болно гэдэгт итгэж байна.

Хувьсгалын тохироо бүрджээ

Манай нийгэмд хувьсгалт өөрчлөлт хийх тохироо бүрджээ гэж Эв Хамтын Холбоо мэдэгдэж байна. Ингэж мэдэгдэхдээ бид болоогүй зүйлийг дөвийлгөн үндэсгүй хэлж байгаа юм биш. Өнөөгийн манай нийгмийн амьдралыг шинжлэх ухаанчаар задлан шинжилж дүгнэснээ үндэс болгон зарлаж байгаа юм.

Нэгдүгээрт: Өмч хувьчлал хэмээх хорон санаат үйл ажиллагааны уршгаар салж бутраад ядуучуудын эгнээнд шилжсэн хөдөлмөрийн анги 20 жилийн өмнөх хувьсгалт хэргийг хазайлгасны хор уршгийг өнөөдөр биеэр нэгэнт мэдэрчээ. Тэд урвагчдын гайгаар, нийгэм нь «ардчилсан» нэртэй хөрөнгөтний нийгэмд шилжээд  хөрөнгөтөн ангийн дарлалд нэрвэгдэж ядуурал гуйланчлалын туйлд хүрснээ ухаарч байна. Социализм хэмээх, хөдөлмөрийн анги нь эрх дархтай байдаг, ядуурал гуйланчлалаас хамгаалагдсан, хүн бүрийн амьдралыг төр нь батлан даасан гайхамшигтай нийгэм журмыг алдаж байгаагаа хөдөлмөрийн анги ойлгожээ. Хөдөлмөрийн анги социализм хэмээх өөрийнхөө нийгмээс хагацсанаа ойлгочихжээ. Хөдөлмөрийн анги өнөөдөр социализмаа дурсаж, түүнийгээ эргүүлж олж авахын төлөө хувьсгал хийх шаардлагатайг зүрх сэтгэлээрээ мэдээд, улам олноороо «Хувьсгал, Хувьсгал» хэмээн уухайлах боллоо.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн анги хувьсгалын тухай уухайлаад зогсохгүй хүч хэрэглэх хувьсгалын үзэл санаа тэргүүний сэхээтнүүдийн зүгээс онолын хувьд боловсрогдон нийтэд түгээгдэх боллоо. Философич Чулуунжав шударга ёсыг сэргээхийн тулд хүч хэрэглэх хувьсгал зайлшгүй тухай «Хүч хэрэглэх хувьсгалын тухай» хэмээх нийтлэлдээ тодорхой үндэслэж байна. Ерөнхий сайд асан Энхсайхан, хөрөнгөтний либераль үзэл баримталж байсан нь ноцтой алдаа байсныг хүлээн зөвшөөрч өрнийн либерализмаас нийгмээ чөлөөлөхийн тулд хүч хэрэглэх хувьсгал хийх ёстойг «Үндэсний хувьсгал» бүтээлдээ цохсон байна. Хамгийн гол нь анхаарууштай зүйл юу гэвэл жилийн өмнө төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах хувьсгалыг ярихад олон түмэн цочирдон хүлээн авдаг байсан бол өнөөдөр энэ санааг дэмжихэд бэлэн болоод байгаа явдал юм.

Гуравдугаарт: Бидэнд ерөөсөө хөрөнгөтөн байгаагүй. Монгол улс хөрөнгөтөнгүй явж ирсэн. Хөрөнгөтөнгүй байлаа гээд бид алдсан зүйлгүйг манай түүх нотолно. Харин бид хөрөнгөтнүүд гэж хэн бэ гэдгийг  ардчиллынхны эхлүүлсэн өмч хувьчлалаас эхлэн ойлгож эхэлсэн бөгөөд  хөрөнгөтнүүд одоо өөрийгөө хэн бэ гэдгээ  хөдөлмөрийн ангийнханд яс маханд нь тултал  мэдрүүлж байна.

Монголын хөрөнгөтнүүд бусад улс үндэстний хөрөнгөтнүүдтэй адил төрөхдөө л хулгайлж эхэлсэн. Төрийн өмч зувчуулж ард түмний хөрөнгийг  хувьчлал нэрээр  завшиж мэндэлсэн. Шинэ баячууд 90-ээд оны эхээр  хурдан морь, эмээл, хөөргөөрөө өрсөлдөн юмтай хүн гэдгээ нийтэд мэдүүлэх гэж чарайдаг байлаа. 2000 оноос машиныхаа марк үнээр өрсөлдөж эхэлсэн.  Одоо хэн нь гадаадын хэдэн оронд хаустай, жилд Хавай, Монте Карлод хэд амардаг, Сөүл, Лас Вегасын казинод улиралд хэдэн удаа тоглодгоороо өөрсдөдөө зэрэг тогтоон баярхаж байна. Тэдний аархал  дэлхийн түвшинд нэгэнтээ хүрчээ. Тэд   мөнгөнийхээ хэрээр  даврах ба үүнийгээ зүй ёс хэмээн боддог. Харин монгол хүний хувийн амьдрал социализмын үеийнхээсээ шал дордож шалан дээр уналаа. Монгол улс ядуугаараа, ядуурлын түвшингээрээ дэлхийд өндөр түвшинд хүрлээ.

Хөрөнгөтний ангийн арчаагүй мөн чанар бол К.Марксын хэлснээр өөр хоорондоо «...үргэлжийн тэмцэл хийж байдаг». К.Маркс цааш нь хэлэхдээ энэ тэмцэлдээ «...хөрөнгөтнүүд пролетари нарыг уриалан дуудахад хүрч түүний тусламжийг эгээрэн, тийнхүү улстөрийн хөдөлгөөнд оруулна» гэжээ. К.Марксын эдгээр үгс юутай үнэн болохыг монголчууд бид өнөөдөр шинэ баячуудын үйл хөдлөлөөс тов тодорхой харж байна. Монголын хөрөнгөтнүүд баянаа бие биедээ гайхуулж өрсөлдөх нь мунхаг. Хоорондоо атаархалцах нь сүйдтэй. «Баячуудын атаархал балагтай» гэдэг ардын онч үгний гүн утгыг одоо бид биеэрээ харж байна. Баячууд гарт байгаа хэрэгсэл болгоноо ашиглан бие биенээ ид далд балбаж байна. Өөрсдийн мэдлийн сонин хэвлэлээр бие биенээ гутааж байна. Нэг хөрөнгөтөн нөгөөхийнхөө булай бузрыг хэвлэл мэдээлэл, хүчний байгууллагатай нийлэн ухан гаргаж ирэхэд нөгөөх нь цаад этгээдийг ямар адгийн амьтан болохыг ядаж төдөхгүй илрүүлэн хариу барина. Ингэж л бид мэдээлэлтэй болдгоос бус хөрөнгөтөн этгээд ард түмэнд буян санаж мэдээллээ дэлгээд байгаа юм биш. Хоорондын тэмцэлдээ улстөрийн эрх мэдлийг ашиглаж байна. УИХ-д очсон хөрөнгөтнүүд нь нийлээд бусад хөрөнгөтнийхөө өмчийг булаах гэж хууль хүртэл гаргаж байдаг бус уу.

Уул уурхайн асар их баялаг Монголын хөрсөн доор байгааг мэдсэнээс хойш монголын хөрөнгөтнүүдийн хоорондын тэмцэл эрээ цээрээ шуударлаа. Энэ тулалдаандаа хөдөлмөрийн ангийг улам бүр татан оролцуулж хөдөлгөөнд оруулж байна. Ийнхүү тэд өөрсдийн атаархуу мунхаг сэтгэлдээ хөтлөгдөн өөрсдийгөө булшлах авсаа бэлдэж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн ангийн хийх хувьсгалын тохироог бүрдүүлж өгч байна.

Дөрөвдүгээрт: Хөрөнгөтөн анги руу хөдөлмөрийн анги яагаад давшихын үндсэн нэг нөхцөл нь тэдний бий болгож байгаа мөнгө үнэгүйдэх буюу инфляц. Социализмын үед буюу жолоодлоготой эдийн засгийн үед инфляц буюу мөнгө үнэгүйдэх гэдгийн зовлонг монголчууд амсаж байсангүй. Хяналтгүй эдийн засаг буюу хувийн өмчийн замбараагүй үйлдлийн уршгаар мөнгө үнэгүйдэж хяналтаас гарсан. Социализмын үед буюу 1989 онд 1 төгрөг байсан 1-р гурил одоо  буюу 2010 оны 3 дугаар сард 800-850 дахин өссөн нь үүний гэрч мөнөөсөө мөн болно. Ийм байхад амьдрал сайхан болж байна гэж ярих нь хир оновчтой вэ?

Сүүлийн жилүүдэд тэд  нам хэмээх мафиараа дамжуулан сонгуулиар  амласан мөнгөө өгч байгаа  дүр үзүүлэх гэж инфляцыг зогсолтгүй хөөрөгдөж байна. Хятадын эдийн засгийн өсөлттэй монголын эдийн засаг уягдаж байгаа тул энэ инфляц нь тэсрэхгүй байгаа юм. Гэхдээ тун удахгүй тэсэрнэ. Жолоодлогогүй инфляц капитализмыг устгах хувьсгалд хүргэдгийг Ленин багш онц гярхай тэмдэглэн хэлсэн байдаг. Монголд удахгүй энэ үнэнийг нотлон инфляцаас хамгийн ихээр хохирч байгаа цаашдаа улам ихээр хохирох анги болох  хөдөлмөрийн ангийг хувьсгалт тэмцэлд босгоно. Энэ бол хувьсгалын бас нэг тохироо мөн.

 Бидний зорилго зорилт

Бид өөрсдийн стратеги тактикаа МоАХ-ны Анхдугаар Их хурлаараа тунхагласан.  Энэ бол эх орондоо жинхэнэ социализмыг байгуулах явдал байлаа. Дэлхийн суут ухаантнуудын дарлал мөлжлөггүй шударга нийгэм байгуулах асуудлыг дэвшүүлж тавьсныг шинжлэх ухааны үндсэн дээр сүндэрлүүлэх боломж гарсныг монголчууд бид элдвээр муучилж буруутгах нь ёс бус үйлдэл болно.

Жинхэнэ социалист нийгмийг монголчууд бид 20-р зуунд сүндэрлүүлж чадаагүй нь эцсийн эцэст Монголын ард түмний буруу байгаагүй юм шүү гэдгийг бид дэлхий дахинд сонордуулж хэлэх ёстой.

Жинхэнэ социализмыг цогцлуулахын тулд бид юуны өмнө хувийн өмчийг том жижиг, их бага гэлтгүй бүгдийг хурааж төрийн өмч болгоно.Уул уурхайн хувийн компаниудад олгосон ашиглалтын болоод хайгуулын бүх эрхийг цуцлан тус салбарын бүх үйл ажиллагааг төрийн онцгой мэдэлд буцаан шилжүүлнэ.90 онд явагдсан, хувьчлал нэрээр луйвардан тараасан Улсын үйлдвэрүүдийг,хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийнх  нь хамт төрд эргүүлэн авна.Нэгэнт хувьчлал луйвар байсан тул ямар нэгэн нөхөн төлбөр өгөх ёсгүй.Улмаар Улсын Их дэлгүүр зэрэг том жижиг дэлгүүрүүд,бөөний худалдааны төвүүдийг хураан авч улсын худалдааны социалист салбарыг нөхөн сэргээнэ.Нэгдлийн малыг тарааж хорлон сүйтгэх үйл ажиллагааг явуулсан этгээдүүдэд хариуцлага тооцож мал сүргийг эргэж нийгэмчлэх ажлыг өргөн далайцтай явуулна.Гадаад худалдаан дээр улсын монопол онц эрхийг эргэж сэргээнэ.Хувийн хэвшил гадаад худалдаа эрхлэхийг хориглоно.

Хувийн өмчийг хурааж бүгдийг төрд эргүүлж авахгүйгээр жинхэнэ социализм байгуулах ямар ч боломжгүй.Хөдөлмөрчин ангийн өөрийнх нь жинхэнэ төр болсон социалист төр нэг өдөр ч оршин тогтнож чадахгүй.Энэ үнэнийг бид хөдөлмөрчин ангид шууд хэлэх хэрэгтэй.Тэд,хөрөнгөтнүүд,баячууд,хөдөөгийн нударган мянгат малчин зэргийн хөрөнгийг хурааж байж тэдэнд үнэ төлбөргүй үйлчлэх эрүүл мэндийн салбар,боловсролын салбар бий болно гэдгийг ойлгох болно.Социализмаа нэхэн санагалзаж байгаа ахмад үеийнхэн биднийг ойлгоно.

Хувийн өмч,хувийн бизнес байгаа цагт  хөрөнгөтнүүд төрөн гарах нь цаг хугацааны асуудал. Хөрөнгөтөн анги байгаа цагт  хөдөлмөрийн ангид нүүрлэх төрийн алагчлах дарангуйлал, өмчийн эзний төмөр сарвуу байсаар байх болно.

Марксизмыг үндэслэгч их сэтгэгч К.Маркс, түүний дотнын анд их сэтгэгч Ф.Энгельс нар хувийн өмчийн мөн чанарыг “...хувийн өмч нь алхам тутамдаа хөрөнгөтнийг төрүүлж байдаг”  гэж тодорхойлсон бол их сэтгэгч Ленин “ Хувийн өмч байсан цагт дайн зайлшгүй.” гэж сургасан.

Бид хувийн өмчийг хураах ариун зорилгоо хэлэхээс, хэрэгжүүлэхээс огтхон ч эмээхгүй. Зорилгоо нуухыг бид үзэл санаанаасаа урваж буй жигшүүрт хэрэг гэж үздэг учир ийнхүү ил тод тунхаглан зарлаж байгаа юм.  Монголын нийгмийг  бузартуулж байгаа  нь хувийн өмч.Хувийн өмчийг нүдний цөцгий адил хайрлах атлаа хөдөлмөрийн ангийг мөлжигч энэ төрийн машиныг үгүй болгох нь  монголчууддаа өгч байгаа бидний ариун хайр юм. Социализм нь бүх салбарыг хамарсан төрийн өмч дээр тогтоно. Социализмын эдийн засгийн хүч чадал нь улсын өмч.

Чухамхүү иймээс бид олонхын дарангуйллыг тогтоохын  төлөө байна.  Хөрөнгөтнүүдийг ангийн хувьд устгах болно. Хөрөнгөтний төрийн тогтолцоог булшлах болно.

Бидний адил үзэл бодолтнууд борооны дараах мөөг адил олширч байгаа нь биднийг улам ч зоригжуулан зохион байгуулалтад оруулж байна.

Хөдөлмөрийн ангийг боолчлолоос аврахын тулд хөрөнгөтний төрийг  хөдөлмөрчин ардын төр болгох ариун үйлсийн аянд   мордоцгооё.

2010 оны 4-р сар

МОНГОЛЫН ЭВ ХАМТ ХОЛБОО

Төлбөртэй

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу