С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийн дэмжлээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Хууль, прокурорын байгууллага, бүх гэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дуудан ирүүлж, парламентад хариулт өгч, хуулийн өмнө хариуцлага үүрэх цаг болсон

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулахдаа “Түр хороо байгуулах асуудал жил гаруй саатаж, цаг хугацаа шаардсан, нэлээд хэдэн чуулган дамжсан. УИХ өмнө нь Хууль  зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороон дээр хоёр ч ажлын хэсэг байгуулан ажилласан ч  хууль эрх зүйн хязгаарлалтад орж, үйл ажиллагаа нь мухардалд орсон юм.

Иймд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу энэ асуудлаар Түр хороо байгуулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрээд энэ асуудлыг өргөн барьсан. УИХ-аар энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргах цаг нь болсон. С.Зоригийн хэргийн асуудлаар Олон улсын парламентын холбооны 50 гаруй тогтоол  болон ойрын өдрүүдэд болж байгаа ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гарч байгаа” гэв.

Мөн тэрбээр, энэ асуудал С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, нөгөө талд нь энэ  гэмт хэргийг бусдад тохох гэж эрүүдэн шүүсэн бас нэгэн гэмт хэрэг болсныг онцлохын зэрэгцээ Түр хороо байгуулаад хууль, прокурорын байгууллага, бүх гэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дуудан ирүүлж, парламентад хариулт өгч, хуулийн өмнө хариуцлага үүрэх цаг болсон гэжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу