ЗАМ ЧӨЛӨӨЛ: БАГШИЙН ДЭЭДИЙН СААРАЛ ХАШАА

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016-2020 оны хөтөлбөрт кадастрын зураглалаа хэтрүүлэн зам талбайг хааж хашаа, барилга барьсан газрын зөрчлийг арилгаж, зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.

Уг захирамжийн дагуу  иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ авчээ. Мөн энэ оны газар чөлөөлөлт, төлөвлөлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Гэсэн хэдий ч зам чөлөөлөх ажлын төлөвлөгөөнд  ноцтой зөрчилтэй газрууд өнөөдрийг хүртэл багтаагүй байна. Энэ асуудлаар манай сайт цувралаар сурвалжилж эхэллээ.

ХОТЫН ТӨВД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААСАН СААРАЛ ХАШАА ХЭНИЙ ӨМЧ ВЭ?

Нийслэл хотод олон нийтийн зам талбайг булаасан, дээрэмдсэн олон байгууллага, хашаа байсаар байна. Үүний нэг томоохон жишээ нь Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оюутны 7-р гудамжны хэсэг билээ.

Бидний нэрлэж заншсанаар “Багшийн хөгжлийн ордон”-ы баруун тал буюу “Идэр” их сургуулийн урд хэсгийн зарын самбар болсон том саарал хашаа юм.Уг хашаанд хуучин орон сууц, үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байсан том, хоёр давхар цагаан байшин. Мөн хуучин ажиллаж байсан “westlife” нэртэй бар байсан объект бий. Энэхүү объектуудыг тойруулж том хашаа барьсан байдаг. Гэвч тус хашааг хэн, хэзээ барьсан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч хашааг барихдаа явган хүн явах зам талбай үлдээлгүйгээр авто машины замтай тулган барьжээ. Бид тус саарал хашааг ямар хүн, аж ахуй нэгж барьсан эсэхийг Нийслэлийн Газрын албанаас тодруулахад эзэмшигчийг нь хэлэх боломжгүй гэсэн юм.

Ийнхүү олон нийтийн зам, талбайг дайруулан хашаагаа барьснаас үүдэн өнөөдрийг хүртэл иргэд машинд мөргүүлчих шахан тус орчноор аюултай байдалд зорчиж байна. Уг нь тус объект Улаанбаатар хотын хамгийн их хүн явдаг, хөл хөдөлгөөнтэй газарт байгаа юм. Гэвч Нийслэлийн зам, талбай чөлөөллөгсөд хаагуур нь зөрсөн юм тус хашаа янзандаа байсаар олон жилийг үдлээ.

Тиймээс энэхүү олон нийтийн зам талбайг хааж хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийг /саарал/ хашаагаа татаж, иргэдийг амь нас, аюулгүй байдлыг хангахыг сануулан сурвалжиллаа. Мөн тус асуудлыг анхааралдаа авч холбогдох иргэн, аж ахуйн нэгжид нь сануулж, яаралтай арга хэмжээ авахыг нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад давхар уламжилж байна.

65 БАЙРШЛЫН ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЧЭЭ

Бид сурвалжилгынхаа явцад “Багшийн дээд”-ийн цагаан байшинтай саарал хашааны талаар холбогдох албан тушаалтнуудаас асууж, тодруулсан юм. Гэвч Нийслэлийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд ийм газар байдаг гэдгийг мэдэхгүй хэмээн сууж байсан юм.

Нийслэлийн Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир

“Энэ жилийн төлөвлөлтийн ажлаар 65 байршлыг сонгосон. Харин яг тухайн хэсгийн газар төлөвлөгөөнд орсон эсэхийг мэдэхгүй байна. Газар эзэмшигчтэй ярьж, кадастрын зураглалаас хэтрүүлсэн эсэхийг бид тодруулна. Таны мэдээллийн дагуу энэ газрын бүртгээд авлаа. Судалж үзээд хариу тайлбар хүргүүлж болно.” гэсэн юм.

 

Ардчилал.мн

Б.Бадралмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу