"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр өмнөд Солонгосын "Samsung" компани "Galaxy Note 7" гар утсаа худалдаанд гаргаад тун удалгүй утасны баттерей хэт халан, дэлбэрсэн тохиолдлууд ар араасаа цувран, 90 орчим тохиолдол бүртгэгдээд амжсан. Мөн дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд зорчигчдынхоо аюулгүй байдлын үүднээс "Note 7" гар утсыг онгоцонд унтраахыг, бүр тээвэрлэхгүй байхыг анхааруулж эхэлсэн билээ. Тиймээс "Samsung" компани худалдаанд гаргасан нийт 2.5 сая орчим Note 7 гар утсаа худалдаанаас татаж, оронд нь ногоон тэмдэгтэй, шинэ баттерейтэй утсыг энэ сарын эхнээс худалдаанд гаргаж эхэлсэн юм. Компаний зүгээс шинэ баттерейтэй утсыг харин ч аюулгүй, найдвартай гэж байсан ч АНУ-д шинээр сольсон Note 7 гар утаснаас утаа гарсан хоёр ч тохиолдол бүртгэгдээд амжлаа.

Өчигдөр Солонгосын “Yanhop” мэдээллийн агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээгээр Samsung компани шинэ баттерей гар утсаа үйлдвэрлэхээ зогсоосон гэж байсан бол өнөөдөр Samsung компани албан ёсоор мэдэгдэл хийн, Note 7 хэрэглэгчдийг даруй тус утсыг хэрэглэхээ зогсоохыг анхааруулсан бөгөөд даруй унтраа гэсэн шаардлагыг тавьлаа. Өчигдөр АНУ-ын хоёр компани шинээр сольсон, хуучин Note 7 гар утсуудыг зарахаа түр зогсоосоноо хэлж байсан бол өнөөдрөөс Их Британи улс мөн Note 7 утсуудыг хэрэг явдал шийдэгдтэл зарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Samsung компаний хувьд Европ, ялангуяа Их Британи улсад 45 мянган Note 7 гар утсыг зарахаар гэрээ хийгээд байсан аж.     

 

Эх сурвалж: BBC 

Эх сурвалж:www.newscom.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу