“Хүрхрээ” лигийн 40, 30, 20 саятан багууд тодорлоо

Монгол Улсын хэмжээнд зохиож буй спортын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лиг өчигдөр хаалтаа хийж, 40, 30, 20 сая төгрөгийн эзэд болсон шилдэг багууд тодорлоо.
 
“Хүрхрээ” лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогч өрсөлдсөн нь үндэсний дээд лигийн түүхэн дэх анхных  байсан төдийгүй байр бүр шагналтай гэдгээрээ онцлог байв. "Хүрхрээ" үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш "Арвайн үндэс" компани хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, шилдгүүдэд  100 сая төгрөгийн шагнал гардуулав.
 
Тус компанийн Хүрхрээ брэнд  МХБХ-той дөрвөн жилийн гэрээг үзэглэснээр "Хүрхрээ" лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж байгааг лигийн тоглолтын чанар, амжилтын ур чадвараас илт харагдах болжээ.
 
 
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн цомын эзнээр 51 оноогоор “Эрчим” баг хоёр жил дарааллан аваргалж 40 саяын эзэн боллоо. Дэд байрт Орхон аймгийн “Хангарьд” клуб шалгарлаа. “УБ-Унаганууд”, “Хоромхон” багууд тоглож “Хоромхон” багийн баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатар 82 дахь минутад 20 сая төгрөгийн гоолыг оруулж 3 дугаар байрт багаа шалгаруулж чадлаа.
 
 
Лигийн “Шилдэг хаалгач”-аар Б.Ариунболд (Эрчим), “Шилдэг хамгаалагч”-аар Д.Төрбат (Хоромхон), “Шилдэг хагас хамгаалагч”-аар М.Төгөлдөр (Эрчим), “Шилдэг довтлогч”-оор О.Мижиддорж (Хангарьд), “Шилдэг шүүгч”-ээр Б.Хаш-Эрдэнэ тус тус тодорлоо.
Ням гарагт болсон хаалтын тоглолтын үеэр “Улаанбаатар сити” багийн эзэн багийнхаа шилдэг тоглогч М.Алтанхүүд суудлын авто машин, таван сая төгрөгийн хамт гардуулсан нь энэ улирлын содон үйл явдал болов.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу