С.ЭРДЭНЭ: ТЭР ШУДАРГА ЁС ЧИНЬ ХААНА БАЙНА

Өнөөдөр /2019.03.11/ УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хийсэн мэдээлэлдээ АН-аас хөөгдсөн Л.Болд, Ж.Батзандан нарын тухай болон Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн талаар голчлон ярьлаа.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: "Өнөөдөр улстөр, шударга ёсны төлөө тэмцэгч гээд байгаа таван гишүүн байна. Би тэгвэл хоёр гишүүнээс тодруулъя л даа. Л.Болд гишүүн Хөгжлийн банкнаас 30,9 тэрбум төгрөг “Богд” банкиндаа авсан. Дараа нь найман сая доллар авсан. Нэг үгээр хэлбэл энэ хүн хоёр дахь удаагаа төрийн мөнгөөр банк байгуулсан. Төрөөс мөнгө авчихаад тэрийгээ дөрөв дахин нугалаад хүүлж байна. Одоо энэ тэгээд шударга ёс уу. Би шударга хүн гэж цээжээ балбаад байгаа Болд гишүүн шударга байна уу. Эрх баригч нар яахаараа Болдод ийнгэж давуу эрх олгоод байдаг юм бэ. Татварын мөнгийг нэг банкинд дур мэдэн байршуулдаг. Энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Энийг би улстөрийн худалдан авалт гэж харж байгаа.

Нөгөө талдаа өөрийгөө бас л би шударга гэж цээжээ дэлдээд байгаа Батзандан өнөөдрийг хүртэл яагаад эхнэрийнхээ картын дансаар орсон 200 сая төгрөгийг тайлбар хийхгүй байгаа юм бэ. Тайлбар хий гэж шаардаад байгаа. Үүнийг Ардчилсан намын энгийн гишүүд бүгд шаардаж байгаа. Гэм буруугүй юм бол яагаад тайлбарлахгүй байгаа юм.

Өнөөдөр энэ таван гишүүн яагаад Эрдэнэтийн зөвхөн 49 хувийг яриад байгаа болохоос 51 хувийг яагаад ярихгүй байгаа юм. 51 хувь одоо хаана явж байна. Миний авсан мэдээллээр тэр “Стандарт” банкыг хятадууд авсан сураг дуулдаж байна. “Стандарт” банкаар дамжаад Эрдэнэтийн 51хувь хятадын мэдэлд очихыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Өнөөдөр хүүний торгууль гэж өдөрт хэдэн саяар нь төлж байхад яагаад энийг зогсоох хэлцэл хийхгүй байгаа юм. Тэр шударга ёс чинь хаана байна. Саяхан болсон шуугиантай баривчилгааны араар 51 хувийн шүүх хурал болсон. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Би 51 хувийг ойлгомжгүй нэг ч асуудал байхгүй гэж бодож байгаа. Өчнөөн жил боллоо. Илүү юу шалгах гээд байгаа юм. Энэ 51 хувийг 40 жил Монголын тал эзэмшиж байсан. Энэ 51 хувь дотор Монголын эрх баригчид ямар их шахаа, луйвар заваан юм хийснийг яагаад ярихгүй байгаа юм бэ.

Тэгээд дээрээс нь яагаад ЖДҮ-г ярихгүй байгаа юм бэ. Тэр сангаас хэдэн тэрбумаар нь идсэн хүмүүс ээ “Энэ бол яахав зээл. Буцаагаад төлчихнө” гээд байгаа. Яахаараа эрх мэдэлтнүүд нь жилийн гурван хувийн хүүтэйгээр хэдэн тэрбумаар нь зээл авдаг. Жирийн иргэд тав, арван саяын зээл авах гэж яаж махаа зулгааж байна." гэж онцолсон юм.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу