АН: ХУУЛЬ БУС ЯМАР Ч ҮЙЛДЭЛТЭЙ ЭВЛЭРЭХГҮЙ, ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч ӨМГӨӨЛӨХГҮЙ

Өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хийсэн мэдээллийнхээ эхэнд мэдэгдэл гаргаснаа мөн танилцуулсан юм.

Тус мэдэгдэлд  “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй, АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж ээлжит гүтгэлгээ тараалаа. Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна.

Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. АН ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн дариу зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

АН нь 1990 оны хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу