"ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭНЭ, ҮНЭМЛЭХ ОЛГОНО" ХЭМЭЭН ЗАЛИЛАН ҮЙЛДЭЖ БАЙСАН ЭТГҮҮДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ

"Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ", "ангилал ахиулна", "жолооч болгоно" гэж цахим орчноор дамжуулан бусдад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Хэрэгт холбогдсон хоёр этгээд нь 20-21 настай бөгөөд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж "Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зарим иргэд сошиал группуудээр жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад иргэд цахим хаягны цаана хэн байгааг мэдэхгүй, бусдын итгэлийг алдаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд мэхлэгдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна. Иргэн Л, Г нар бүлэглэн 70 шахам иргэдийг хууран мэхлэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна" гэлээ.

Иймд иргэдийг цахим гэмт хэргээс сэрэмжлүүлж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу