Д.НАРАНГЭРЭЛ: 5 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ 150 ТОННЫ ХҮНД ДААЦЫН МАШИН ЖОЛООДОЖ ӨГЛӨӨНИЙ НАР, ҮДШИЙН БҮРИЙТЭЙ

Жаргал зовлон ээлжилсэн амьдралын их далайд хатан ухаан, хат суусан сэтгэл хоёроороо сэлүүрдэн яваа энэ бүсгүйг Д.Нарангэрэл гэдэг. Гурван охин, хоёр хүүтэй энгийн нэгэн ЭЭЖ.

Гэхдээ түүнд бусад ээжүүдийн адил халуун дулаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан инээлдэн суух боломж тэр болгон гараад байдаггүй. Жилдээ 3-4 хөн удаа 10-14 хоногоор гэртээ ирдэг, бусад үед нь Улаанбаатар хотоос 1000 шахам км-ийн алсад орших Шивээхүрэнгийн хилийн боомтод 150 тонны нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашин жолоодож, амьдралынхаа ихэнх цагийг машиныхаа кабинд өнгөрөөдөг нэгэн.

Түүнийг хүүхдүүдтэйгээ хамт цагаалахаар гэртээ ирсэн байхад нь бид уулзаж, цөөн хором ярилцсан юм.

Эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн ч халширмаар хүнд ажлыг хийдэг ч, "Үр хүүхдүүдийнхээ төлөө бол үүнээс ч илүү хийж чадна" хэмээн зоримог хэлэх, нүдэнд нь гал дүрэлзэж, нүүрэнд нь мишээл тодФорсон энэ сайхан эмэгтэйн ярилцлагаас уншигч та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Zaluu.com сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Намайг Дорж овогтой Нарангэрэл гэдэг. Нөхөртэйгээ хамт Шивээхүрэнгийн хилийн боомтод нүүрс тээврийн жолооч хийдэг. Таван хүүхэдтэй.

-Бүсгүй хүн байтугай эрэгтэй хүн ч халширмаар хүнд ажил биш гэж үү?

-Тийм шүү. Үнэхээр халширмаар хэцүү ажил. 100  гаруй тонн нүүрс зөөдөг, 12 араатай, техник сэтгэлгээгүй хүнд бол бүр хэцүү. Гараа, хавчиж, цохичхоод уйлаад гүйх тохиолдол олон гарна шүү дээ. Манай нэг жолооч залуугийн зохиосон хил дээр болж үйл явц, жолооч нарын зовлон жаргалыг багтаасан “Бүсгүй жолооч” гээд шүлгийг сонсоход бидний ажлын нөхцөл байдал нүдэнд харагдана дөө.

-Яагаад том тэрэгний жолооч болсон юм бэ?

-Анх манай нөхөр ганцаараа том тэрэг барьдаг байсан юм. Тухайн үед хил дээр тогооч ажилд авна гэж байна гэхээр нь би очоод орох гэтэл нөхөртэй хүн ажилд авахгүй гээд орж чадаагүй. Тэгээд нөхрийнхөө машины жолооны ард сууж үзээд яаж асаадаг юм гэж асууж байгаад хөдөлгөж үзээд “Би чадах юм байна. Энд эмэгтэй жолооч байдаг юм байна лээ. Би сурья. Надад заагаад өг” гээд л нөхрийгөө шалж байгаад бариад сурчихсан. Тэгээд өнөөдрийг хүртэл тасралтгүй таван жил ажиллаж байна даа.

-Танай хил дээр нийт хэчнээн эмэгтэй жолооч байдаг вэ?

-1000 гаруй жолооч байдгаас 23 нь эмэгтэй жолооч байгаа. Ихэнх нь 2-3 хүүхэдтэй, хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө шүд зуун тэвчиж, тэмцэж ажилладаг. Эмэгтэй жолоочийн тоо нэмэгдэхэд гаднаа баярладаг ч миний охин шиг залуухан охид ирэхээр “Яана даа. Залуугаараа энэ хэцүү ажлыг хийгээд биегүй болно” гэж бодохоор дотроо маш их харамсдаг.

-Тэр олон эрэгтэй жолооч нар эмэгтэй жолооч нартаа туслах юм уу?

-Өмнө нь дугуй хагараад зогсож байхад зогсоод тусалдаг, нүүрс буулгах гэж байхад хаалга онгойлгоод өгдөг үе байсан. Одоо бол хил гаалийн дараалал их болсон болохоор хэцүү болчихсон. Бүгд л амьдрахын төлөө, ар гэр үр хүүхдээ тэжээхийн төлөө явж байгаа болохоор нэг рейс ч болтугай илүү хийчих юм сан гэж цаг нартай уралдаж явдаг шүү дээ.

-Тэгэхээр тэр том машины дугуй хагарах юм уу, эсвэл ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарахад та өөрөө засна гэсэн үг үү?

-Нөхөртэйгээ хамт явдаг болохоор нөхөр маань зогсоод туслаад өгдөг юм. Ер нь тэнд явдаг эмэгтэй жолооч нар дийлэнх нь нөхөртэйгээ хамт явдаг. Үгүй бол өвлийн хүйтэнд тэр том машины дугуйг солино, нөхнө гэдэг чинь эмэгтэй хүнд хэтэрхий ахадсан ажил шүү дээ.

-Машин дотроо бараг амьдардаг гэж байсан. Хамгийн ихдээ хэд хоног байх уу?

-Манайх зүүн хилийг бодвол харьцангуй гайгүй. Дээд тал нь 4-5 хоног дугаарладаг.

-Зам дагуу буугаад хооллох боломж байдаг юм уу. Хоол ундаа яах уу?

-Тийм газар байхгүй ээ. Хоол идэх байтугай, хоолны хордлого тусахад үзүүлэх эмнэлэг, эм аваад ууя аа гэхэд орчих эмийн сан байхгүй. Манай жолооч нар бүгд машин дотороо газан плитктэй. Машиндаа хоолоо хийж идээд л явна. Бараг ихэнх нь эрэгтэй жолооч нар байдаг болохоор нөхөр бид хоёр заримдаа хоолоо хийчхээд ойрхон явж байгаа хэдийгээ дуудаад хооллодог юм. Өөрсдөө хоолоо хийгээд иддэг ч эмэгтэй хүний гарын хоолоор дутагдаж л явдаг байх гэж боддог.

-Таны бодлоор том тэрэгний жолооч байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Шалаанзан дотроо суучхаад, хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйг төсөөлөөд, ганцаараа дуулаад явах  л сайхан даа.

-Өвлийн хүйтэнд өдөр, шөнөгүй машин бариад явахаар нуруу бөөр өвдөхөөс эхлээд асуудал гарах л байх даа?

-Тийм. Одоо нуруу өвдөөд л байдаг юм. Байнга тоос шороотой хүнд нөхцөлд ажилладаг болохоор уушгигүй л болох юм шиг байна лээГэхдээ ажиллахгүй бол таван хүүхдийг маань хэн тэжээх билээ гэж бодоод л явдаг юм.

-Өөр ажил хайж үзэв үү. Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?

-Өмнө нь нөхөр бид хоёр барилгын ажил хийдэг байсан. Сүүлдээ цалин мөнгө өө өгөхгүй болохоор нь больсон. Тэгээд өөр ажил хайж үзсэн чинь 50 хүрч байгаа хүмүүсийг чинь хөгшин гэж голоод авах газар байдаггүй юм байна лээ. Аргагүйн эрхэнд л энэ ажлыг сонгож хийсэн дээ.

-Одоо хэзээ буцах вэ?

-Цагаан сар өнгөрөөд буцна.

-Тэгээд хэзээ ирэх үү?

-Чадвал долоон сард наадмын үеэр л ирнэ дээ. Бид чинь хятадуудын машин түрээсэлж ажилладаг болохоор жаахан л удвал машиныг маань өөр хүнд өгчих гээд хэцүү байдаг юм 

-Олон сар хүүхдүүдээсээ хол ажиллаж байгаад гэртээ ирэх бөөн аз жаргал биз?

-Тэгэлгүй яахав. Хоног тоолон хүлээж байгаад гэртээ ирээд "Ээж ирсэн, гоё доо" гэж угтах үрсээ харахаар тоостой гутлаа холоо шидчихээд, толгойд эргэлдэх тоо томшгүй олон бодлоос өөрийгөө олж авах шиг болдог юм.

-Олон сараар явахаар хүүхдүүд нь санаад хэцүүддэг байх?

-Манай том охин одоо 28, хамгийн бага нь 10 настай. Бид хоёр чинь бага хүүгээ таван настай байхад нь л ажилд явсан. Эгч, ах нар нь л хүн болгосон доо. Бага байхад нь орхиод явсан болохоор хүү маань санаад хэцүүддэг юм шиг байгаа юм. Ажлаасаа ирэх, ажилдаа явах хоёрт бөөн “тэнгэрлэг оршихуй” болно шүү дээ.

-Алаг үрс нь өдөр бүр аав ээжтэйгээ хамт байхыг хамгийн ихээр хүсч байгаа байх. Ер нь хэзээ болтол энэ ажлаа хийе гэж боддог вэ?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд маань гэлтгүй бид хоёр ч гэсэн маш их хүсч байна. Болдогсон бол өнөөдөр ч гэсэн больчихмоор л байх юм. Гэхдээ биднийг ажлаа болиод энд ирвэл 50 гарчихсан, хөгшин гээд авах газар олдохгүй. Тиймээс хүүхдүүдээ өөр шигээ амьдруулахгүйн тулд, бүгдийг сургууль төгсгөж, юунд ч санаа зовохгүйгээр амьдруулж чадахаар болох хүртлээ л ажиллана гэж бодож байна даа. Эцэг, эх хүний хамгийн том үүрэг хариуцлага энэ шүү дээ.

Эх сурвалж: ZALUU.COM

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу