Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЗГХЭГ-ИЙН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН САЙДААР ТОМИЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
 
Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд  Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар  томиллоо.
 
Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, 2011 онд  Монгол Улсын боловсролын  их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
 
Тэрбээр 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
 
АРДЧИЛАЛ.МН
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу