Жазз хөгжмийн дэлхийн одод Монголд тоглоно

Монголын соёл урлаг, тэр дундаа жазз хөгжмийн түүхэнд анх удаа дэлхийн шилдэг таван жазз хөгжимчин, дуучдын тоглолтыг цувралаар зохион байгуулах гэж байна.

ЖаззЛаб агентлагаас санаачлан зохион байгуулж буй “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний хүрээнд АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон, дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, дэлхийн од Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах юм.

Шилдгүүдийн тоглолтын салхийг хагалж, АНУ-ын “Бэй ариа дахь жазз хөгжмийн суперман” гэгддэг жазз дуучин Кэнни Вашингтон энэ сарын 20-21-нд УДБЭТ-т "The Voice of Jazz" тоглолтоо тавих юм. Түүний тухай алдарт жазз дуучин Марк Мөрфи нэгэнтээ “Кэнни бол орчин үеийн жазз хөгжмийг уламжлалт жазз хөгжимтэй хослуулж буй цорын ганц дуучин юм” гэж өгүүлж байжээ. Алдарт дуучин энэ сарын 18-нд Улаанбаатарт газардах бөгөөд тоглолтын бэлтгэл ажил ид идэвхтэй өрнөж байгаа юм. Тоглолтод урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах аж.

Монголын жазз хөгжимдчийг дэмжих, олон улсад нэр алдраа түгээсэн уран бүтээлчдийг эх орондоо урьж тоглуулах, жазз хөгжмийн боловсролыг дэмжих зорилготой Жаззлаб агентлаг байгуулагдаад удаагүй ч 60 гаруй тоглолтыг дотооддоо амжилттай зохион байгуулаад байгаа аж. Тухайлбал дэлхийн хэмжээний од, саксафон хөгжимчин Жэсси Дэвисийн тоглолтыг УДБЭТ-т зохион байгуулсан нь амжилттай болсон томоохон тоглолтуудынх нь нэг юм.

Удахгүй анхны тоглолтоо тавих цуврал арга хэмжээ нь Монголын соёлын ертөнцийг нэгэн цоо шинэ, дээд түвшинд аваачих томоохон хувьсгалын нэг болно гэж зохион байгуулагчид нь хүлээж байна.

 

Эх сурвалж:www.dorgio.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу