ТОГОНД ЦОХИУЛЖ НАС БАРСАН ХҮҮГИЙН ҮХЭЛД БУРУУТГАГДААД БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

2018  оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн долдугаар байрны нэг давхарт байрлах эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд цохиулж арван настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж прокурорт шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Шүүх хурал өчигдөр болсон бөгөөд шүүх хуралд шүүгдэгч “Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн учраас ийнхүү хойшлуулах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрээр хурлын товыг нэгдүгээр сарын 17-ны 15 цаг хүртэл хойшлуулсан байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу