ИРЖ ЯВАА ЦАГИЙН ДУУ БА СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ТУХАЙ БЯЦХАН ЭРГЭЦҮҮЛЭЛ

Солонгосын хойгийн тухай бяцхан эргэцүүлэл

Солонгосын хойгийн тухай бяцхан эргэцүүлэл

ИРЖ ЯВАА ЦАГИЙН ДУУ БА СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ТУХАЙ БЯЦХАН ЭРГЭЦҮҮЛЭЛ

Монголчууд бид Солонгосын хойг дахь тэс хоёр өөр системтэй харилцдаг. Нэг нь манай хамгийн олон иргэд зорчдог, сурч, ажиллаж, амьдардаг, өргөн харилцаатай, бидний хөгжил дэвшил, шинэ сонголтыг дэмжиж тусладаг чөлөөт ертөнц бүхий шинэ андууд. Нөгөөх нь дундад  зууны үеийн феодалын вант засаглал хийгээд XX  зуунд хуулбарласан коммунист систем хоёрын  холимог тогтолцоо бүхий нийгэмтэй манай хуучин андууд. Нийгмийн тогтолцоо талаасаа нэг нь ирж яваа цагийн дуу дуулагчид. Нөгөөх нь харьж яваа цагийн дуу аялагчид. Уг нь түүхээрээ бол шинэ, хуучин гэлтгүй бидэнтэй элгэмсэг нэг л үндэстэн л дээ тэд.

Цаг үеийн урсгал, орших, эс оршихуйн логикийн эсрэгээр, харьж яваа цагийн дуу аялагчид нь гунигтай ч гэлээ засаглал, системээ хадгалж тэсч тогтож үлдэхийн тулд ард түмнээ ядууруулан байж, хамтын нөхөрлөлийн шаардлагыг үл ойшоон цөмийн зэвсгээр үхэн хатан хөөцөлдөх сонголт  хийж, ирж яваа цагийн дуу дуулагчид буюу чөлөөт ертөнц рүү цөмийн цохилт өгч, газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлж эхлэв. Ахан дүүсээ барьцаанд авчих санаатай энэхүү оролдлого хэрэг дээрээ бүтэх эсэхийг бүү мэд. Харин үүний улмаас бүс нутагт тогтворгүй байдал, зөрчил, сөргөлдөөн даамжирч буй нь нэгэнт бодитой зүйл болоод байна. Тэр нь 1988 оны Сөүлийн олимпийн өмнөхөн КАЛ-ийн онгоцыг зорчигчидтой нь агаарт дэлбэлсэн, эсвэл Бирмэд айлчилж байсан Ерөнхийлөгчийн цуваа руу хийсэн балмад халдлага ч юмуу, аль эсвэл ойрмогхоноо өмнөд хэсгийнхээ тэнгисийн цэргийн харуулын 45 цэл залуу цэрэг эрсийн амь насыг бүрэлгэсэн   шумбагч  тропепийн  хямрал  гэх мэтийн  террорист үйлдэл төдий аюул биш юм. Энэ бол цөмийн  шинэ заналхийлэл.

Байдал ийм ноцтой түвшинд хүрсэн учраас, мөн уг асуудлаарх 20-иод жилийн яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүйг харгалзан цөмийн энэ аюулт өдөөн хатгалга, заналхийллийн эсрэг чиглэсэн хамтын нөхөрлөлийн байр суурь, авах арга хэмжээ улам чангарч, энэ чиглэл дэх оролцоо, үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааг идэвхжүүлэх шинэ сонголттой улс орнууд тулгараад байна.  

Ази дахь ардчиллын үлгэр дууриалал гэгддэг Монгол улс ч цаг үеийн энэ шаардлагаас  тойрох аргагүй, тийм эрхгүй билээ. Үүнтэй холбоотойгоор манай улсад тулгарч буй дараах гурван зүйлийн асуудлыг (issue) тойрсон эргэцүүлэл, санаа бодлоо тоймлон хэлье.

НЭГ.  НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН  ШИЙДВЭР

Монгол улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, олон улсын нийтээр дагаж мөрдөх түгээмэл хэм хэмжээний зарчмын байр суурийнхаа үүднээс Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан НҮБ-ын хоригийг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагаанд өөртөйгөө холбоотой асуудлаар боломжийн хэрээр оролцож, байр сууриа илэрхийлж ирсэн байна. Харин энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд БНСУ руу чиглэсэн Пхеньяны эрх баригчдын цөмийн сүрдүүлэг, заналхийлэл бол тэнд сурч, ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэдийн аюулгүй байдал, тэдний араас чих тавин суудаг тэднээс хавьгүй олон  тооны ар гэрийнхнийх нь эрх ашигтай шууд холбоотой асуудал. Үүнд манай Засгийн газар “сүх далайтал үхэр амар” маягаар хандахгүй байгаа гэдэгт найдаж байна. Тэгээд ч манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарлан тунхагласан. Ирэх жил ийнхүү зарлан тунхагласны 25 жилийн ой тохионо. Солонгосын хоёр тал хойгоо цөмийн зэвсэггүй бүс болгохоо хамтран зарлаад бас 25 жил болж байна. Дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах  зорилтыг Солонгосын хойгоос эхлэхийг БНСУ мөн уриалсан байгаа. Энэ утгаараа тэгш энэ ой   талууд цөмийн аюулгүй байдлын асуудлаар хамтарсан шинэлэг дорвитой арга хэмжээ зохиох сайхан боломж олгож байна. Энэ боломжийг ашиглан Монгол улсын нутаг дэвсгэр, Солонгосын хойгийг хамруулсан ЗХА-ийн цөмийн зэвсэггүй бичил бүс бүрдүүлэх асуудлыг хамтран судлах алхам хийж яагаад болохгүй гэж.  

ХОЁР. УМАРД СОЛОНГОСЫН АЖИЛЧДЫН АСУУДАЛ 

Энэ асуудлаар сүүлийн үед Польш, Монгол хоёр шүүмжлэлд багагүй өртөж буй нь нууц биш. Өмнө нь  энэ асуудлаар манай улсын нэр төр нэг биш удаа сэвтэж л байсан. Хуучин андынхаасаа ажилчид гэрээгээр авч ажиллуулсанд асуудал үүсээд байгаа юм биш л дээ. Үүнд эмзэглэх, өөнтөглөх зүйл байхгүй. Хаана ч байдаг л олон улсын харилцааны түгээмэл хэм хэмжээний хүрээний асуудал. Харин тэдний хөдөлмөрийн хөлсний ихэнх хэсгийг илгээсэн Засгийн газар нь хураан авснаар тэдгээр ажилчдын эрх ашиг зөрчигдөж, хураан авсан тэр  валют нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших санхүүгийн эх үүсвэрт ашиглагдаж  байж болзошгүй гэсэн  болгоомжлолд асуудлын учир начир оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Монголын хувьд уламжлалт харилцаат андынхаа төлөө ердөө л чих халууцах төдийгөөр өнгөрөөх тийм зүйл  биш, дээр өгүүлсэн цөмийн аюул занал, мөн НҮБ-ын Хүний эрхийн хороонд  сонгууль хүлээсний хувьд хүний эрхийг сахин хамгаалах талаар Монгол улсын хүлээсэн  үүрэг,  хариуцлагатай холбогдсон асуудал. Уг нь үүнд манайх биш, шаазгай суулгахад хүргэсэн овооны эзэн л илүү санаа тавьж, гарах гарцын талаар бидэнтэй  зөвлөлдмөөр байгаа юм. Манай зиндааны бусад зарим орон Умард Солонгосоос ажилчид авахаа зогсоож, зарим нь гаргаж эхлээд байна. Харин Монголын хувьд эдийн засгаа сэргээх, иргэдээ ажлын байраар хангах тулгамдсан зорилтын үүднээс гадаадаас ажиллах хүч авахаа хязгаарлаж буй бодлогынхоо хүрээнд Умард Солонгосоос ажилчид нэмж авахаа нэг хэсэгтээ зогсоох юмуу, цөөлөхийг илгээгч тал бүрэн ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Цөмийн асуудал шийдэгдээд манай эдийн засаг сайжраад ирэхээр үргэлжлүүлээд авна биз. Харин манайх олон улсын далайн тээвэрт залуучуудаа ажиллуулах шинэ боломжийг судлаж үзүүштэй. Ганцхан жишээ хэлэхэд зөвхөн БНСУ-ын далайн тээврийн 1500  хөлөг онгоц олон улсын тээвэр хийж, нэг хөлөгт 20-иод хүн ажилладгийн ихэнх нь Зүүн Өмнөд Азийн орны иргэд байдаг аж. Манай залуусын түрүүчийн хэсэг Пусан-Панамын маршрутын тээвэрт гарлаа. Энэ бол далбаагаа ашиглуулж, муу нэр хоч зүүж явснаас хавьгүй олон талын ашигтай хамтын ажиллагаа. Ганц БНСУ-ынх ч гэлтгүй. Нөгөөтэйгүүр ер нь ажилгүй залуучууд их байгаа өнөөгийн түр зуурын энэ нөхцөлд БНСУ-д ажиллуулах иргэдийнхээ квотыг нэмэгдүүлэх асуудлыг ч айлын талд тавьж зөвшилцөж үзэхэд илүүдэх юун.        

ГУРАВ. МОНГОЛД ХАНДСАН ШИНЭ САНАЛ, ХҮСЭЛТИЙН ТУХАЙД

Сүүлийн үед үерийн гамшигт туслаач гэсэн хүсэлт манай хуучин андын зүгээс ирсэн. Ганц манайд ч биш. Хүмүүнлэгийн тэр тусмаа байгалийн гамшигт  нэрвэгдсэн газарт туслах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ удаагийн хувьд цаг үе, үүссэн нөхцөл байдал, сөрөг санал, байр суурийн учир шалтгаан, цаад логикийг харгалзаж үзэх нь бас зүй ёсны асуудал болох байх. Ялж байгаагаар нь Сталинд хоёр хонь, ядарч яваагаар нь   Гитлерт бас нэг хонь  өгье  гэдэг шог ярианы гол дүрийн маягаар асуудалд хандах хэрэггүй биз ээ. Хүсэлт хүлээн авсан бусад орны байр суурь одоогоор тодорхойгүй  байна. Туслахад хүрвэл  нэлээд хүчтэй дэгдээд байгаа холери, хижиг зэрэг өвчнөөс сэргийлэх эм тариа зэрэг нэрвэгдсэн нутгийн  ард  иргэдэд шууд тус дэм болох тийм чиглэлийн тусламж үзүүлвэл зохимжтойсон.  

Сүүлийн үед үерийн гамшигт туслаач гэсэн хүсэлт манай хуучин андын зүгээс ирсэн. Ганц манайд ч биш. Хүмүүнлэгийн тэр тусмаа байгалийн гамшигт  нэрвэгдсэн газарт туслах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ удаагийн хувьд цаг үе, үүссэн нөхцөл байдал, сөрөг санал, байр суурийн учир шалтгаан, цаад логикийг харгалзаж үзэх нь бас зүй ёсны асуудал болох байх. Ялж байгаагаар нь Сталинд хоёр хонь, ядарч яваагаар нь   Гитлерт бас нэг хонь  өгье  гэдэг шог ярианы гол дүрийн маягаар асуудалд хандах хэрэггүй биз ээ. 

Дээрх хүсэлттэй зэрэгцээд шахам орж ирсэн өөр нэг санал бол Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэсэн хамтын ажиллагаан дахь үүрэг, оролцоогоо эрчимжүүлээч гэсэн асуудал юм. Хэрвээ Умард Солонгос цөмийн аюул занал, өдөөн хатгалгаа зогсоохгүй бол хойшид тус улстай харилцах харилцаагаа ямар нэгэн байдлаар эргэж хянаж үзэх тухай энэ санал бас зөвхөн Монголд хаяглагдаагүй. Умард Солонгосын өөрсдийнх нь сурталдаж буйгаар БНАСАУ, Монголын өнөөгийн найрамдалт харилцаа нь “...Ким Жон Үнийн үеийн гадаад бодлогын   амжилтын үлгэр дууриалал” [Chosun shinbo, 2014/08/27] болсоор байгаа энэ нөхцөлд манай улсын хувьд хэцүү ч гэсэн энэ асуудлаар өөрийн гэсэн бие даасан байр суурь, бодлого, ойлголтын дүр төрх холбогдох түвшинд аль хэдийн тодорсон биз. Байдлыг харзнах уужуу голч монгол ухаан хэрэгтэй. Гэхдээ дуугарах юман дээрээ цагийг нь олж цас хийх нь түүнээс ч илүү хэрэгтэй. Ирээдүйгээ бодсон ч тэр. Харин судлаачдын дунд Умард Солонгостой харилцахдаа эрх баригчид, ард түмнийг нь ялгаж салгаж, хамтын ажиллагаагаа нийгмийн масс руу нь чиглүүлэх нь оновчтой, ирээдүйтэй байх болно гэсэн санаа бодол байдгийг энэ дашрамд дурдая. Аль ч улс оронд үе үеийн эрх баригчид байнга солигддог, харин ард өргөн олон түмэн харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хэлхэн авч явдаг хүмүүн төрөлхтөний харилцааны жам ёсон нь тэр болой. Чингэх нь  монголчууд бидний сонгосон сонголтын зарчим, үнэт зүйлс, цаг үеийн урсгал, ирээдүйн хандлагад бүрнээ нийцнэ.   

Доктор Б.ЛХАГВАА

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу