Ц.НЯМДОРЖЫН ХОЁР НҮҮР

УИХ-ын даргыг огцруулах жагсаал болж байх хооронд МАН-ынхан ЖДҮ-чин гишүүдээ хуулийнхнаас хамгаалж авч үлдлээ. Өчигдөр /2019-01-10/-ны өдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаж УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Сануулбал, прокурорын байгууллагаас өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарт эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Ингэхдээ эдгээр нэр бүхий гишүүдийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудад зээл өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр бүрэн эрхийн асуудлыг нь ийнхүү хөндөөд байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.2-д "гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд ажлын 2 өдөрт /48цаг/ холбогдох байнгын хороод, дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэж түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэж тус тус заасан байдаг. Хэрэв чуулганы чөлөөт цагт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг хуулийн заалттай.

Уг асуудлыг УИХ-д өргөн барьсан даруйд нь буюу мягмар гарагт 18 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй учраас хойшлуулсан. Харин өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч дөрвөн гишүүнийг хамтад нь оруулж ирсэн тул гишүүд бүгд дэд хорооны хуралд оролцох шаардлагатай гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшилсон. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Г.Солтан тойрогтоо ажиллаад эзгүй байсантай холбоотой юм.

Тиймээс өчигдөр буюу 2019.01.10-ны 14.00 цагаас өмнө уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж хэлэхдээЕрөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна.

ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаа буруутай, буруугүйг шийдээд, гарцаагүй гэж үзсэн асуудал байвал оруулж ир. Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 100 хувийн саналаар хүлээж авсангүй” хэмээсэн юм.

Уг нь сайд Ц.Нямдоржийн хувьд өмнө нь Засгийн газрыг огцруулах үеэр УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ “ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага эцэслээд, багцлаад санал оруулаад ирнэ биз дээ. Тэр үед нь асуудлыг эцэслэн шийдэх байх гэж бодож байна. Үүнд холбогдсон гишүүдийг ерөөсөө уучлахгүй. Хуулийн асуудал эцэслээд, бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд ороод ирвэл яг номоор нь хандана би. Өмөөрөхгүй” гэж хэлж байлаа.

Гэтэл тухайн үед хэлж байсан үгнээсээ Ц.Нямдорж сайд ийнхүү буцжээ. Буцах буцахдаа ЖДҮ-д холбогдсон гишүүдийг өмөөрч, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүй хэмээн шийдвэрлэсэн юм. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржыг ЖДҮ-ийн асуудалд шударга хандана гэж иргэд хүлээж байсан. Гэвч тэрбээр хоёр нүүр гаргаж ЖДҮ-чин гишүүдийг хамгаалж үлдээлээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу