У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ

Засгийн газар ажил хийхээсээ илүүтэй шоу хийх нь ихэсчээ. Учир нь тэд ард түмэнд таалагдах гэж энэ олон ангит жүжигчилсэн тоглолтууд үзүүлэх боллоо. Тэрчлэн сүүлийн үед Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн амнаас төрийн хүний үг гарахаа больчихож. Тэрбээр дандаа занасан, загнасан, дүрэмдсэн, журамдсан үгийг албатууддаа чулуудаж хөмсгөө зангидан шударгын дүрд тоглох болжээ.

Уг нь улс ардаа бодоод, урдах замаа хараад зүгээр л ажлаа хийх хэрэгтэйсэн. Гэвч МАНай Ерөнхий сайд тэгэхгүй юм. Сав л хийвэл оноо авах, ард иргэддээ таалагдчих элдэв мэргэн аргыг сүвэгчилэх болжээ.

Өнгөрсөн оны эхээр тэрбээр ард түмнээс чамгүй оноо цуглуулаад амжсан. Гэвч ЖДҮ-чин сайд нарынхаа балгаар цөөнгүй оноогоо алдсан. Улмаар унах дээрээ тулсан юм. Гэсэн ч МАНай Ерөнхий сайд шударга, сайхан үг, АН-ын гишүүдийн буянаар албандаа үлдэж чадсан билээ.

Ингэхдээ тэрбээр “Монголын ард түмний өмч болсон “Цагаан суварга”-ын ордыг төрд авна гэж амласан нь иргэдэд ихээхэн хүрч, алдсан оноогоо амархан нөхөх боломж бүрдсэн юм. Гэсэн ч тэрбээр хэлсэн үгэндээ эзэн бололгүй хэт хадууран дөвчигнөх боллоо.

Учир нь өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  Салхитын ордод тусгай ажиллагаа явуулж, бусдын өмчид халдан довтолсон явдал. Ингэхдээ тэрбээр буу зэвсэг агсан их л сүрийг үзүүлсэн юм. Уг нь У.Хүрэлсүхийн хэлснээр төр Салхитыг биш “Цагаан суварга”-ыг авах байсансан.

Түүний энэхүү үйлдэл улам газар авч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараар “Асгат”-ын мөнгөний орд, “Салхит”-ын мөнгөний орд, Цагаан эрэгийн орд зэрэг томоохон ордуудыг төр мэдэлдээ авсныг зарлууллаа. Улмаар сарын дотор эргэлтэнд оруулахгүй бол холбогдох албан тушаалтнуудыг хариуцлага тооцон, хөөж явуулна гэж хатуу мэдэгдсэн сурагтай. Ингэж гэмээнэ манай улс хөгжлийн замд орж, цэнгэлийн манлайд хүрэх юм байхаа.

Гэтэл үнэн хэрэгтээ У.Хүрэлсүхэд хөрөнгөө булаалгасан хөрөнгө оруулагчид түүний хүслээр хөрөнгөө тавиад туухгүй нь мэдээж. Тэд мөн л Эрдэнэт шиг дахиад бөөн маргаан шүүх дээр үүсгэх нь тодорхой. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд энэнээс муу мессеж гэж байхгүй юм. Тэр тусмаа шууд буу тулгаж байгаад бусдын объект руу халдаж байгаа улсад хэн итгэж хөрөнгөө оруулах билээ.

Тиймээс нөхөр “топор”-ын “тусгай ажиллагаа” өөрт нь оноо авч ирэх хэдий ч бусдад гай тарих ажиллагаа юм.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу