Б.САРУУЛБУЯН: ЯПОН УЛСАД ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДВАЛ ЭЭЛЭЭ ӨГДӨГ ОРОН

Япон улсад сурч амьдарч буй жирийн нэгэн Монгол залуутай ярилцлаа. Гадаад гарч байвал ямар арга замаар яаж гарах нь хамаагүй гэж бодох олон залуус байдаг.  Уншигч таньд багахан ч гэсэн тус болох үүднээс эгэл жирийн  малчны хотноос арлын оронд хүрсэн Б.Саруулбуянгийн ярилцлагыг хүргэж байна.

Бидэнтэй ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Манай уншигчидад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу? Намайг Батмөнхийн Саруулбуян гэдэг. Би Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 20 настай. Одоо Япон улсад сурч, ажиллаж амьдарч байна. Япон улсад амьдраад хоёр жил зургаан сар болж байна. Өвлийн амралтаараа Монголдоо  ирээд тун удахгүй буцах гэж байна.

Япон улсыг яагаад зорих болсон бэ?

Монголчууд гадагшаа гарч байвал ямар ч улс байсан хамаагүй гэж боддог. Гадагшаа гарах гэж байгаа хүн хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Та ажиллах уу? сурах уу? гэдгээсээ шалтгаалан өөрийн чиглэл зорилгын дагуу улсаа сайн судлах нь зүйтэй. Хэрвээ сурахаар гэж байгаа бол таны сонгосон улс боловсролоороо дэлхийн хэмжээнд ямар түвшинд үнэлэгдэж байгаа эсэх нь чухал. Дээр нь амьдралын өртөг, амьдрах нөхцөл  зэргээ тооцоолох хэрэгтэй. Гадагшаа гарч сурч байгаа оюутнууд ихэвчлэн сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Тиймээс энэ бүх зүйлсээ төлөвлөсөн байх хэрэгтэй. Миний тухайд Япон орон бол Азийн хамгийн өндөр хөгжилтэй орны нэг. Технологийн салбартаа тэргүүлэгч орон хийгээд манайх шиг буурай хөгжилтэй оронд гарахад арай төхөм улс учраас сонгосон.

Хэрхэн Япон улс руу гарч байв? Япон руу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан уу? яаж гарсан бэ?

Япон улс руу сурахаар явж байгаа ихэнх оюутнууд хувиараа эсвэл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг. Би арван жилд байхдаа гадаад руу гарна гэсэн зорилго өөртөө тавьсан байсан. Гэхдээ Япон улсыг сонгоогүй байсан. Хичээлээ тараад явж байсан чинь Япон руу явуулна гэсэн зар байсан. Тэгээд энэ улсын талаар судлаж үзээд маш их таалагдсан. Манай аав ээж хөдөө мал малалдаг, би Эрднэт хотод сурдаг байсан болохоор өөрөө шийдвэр гаргаж, энэ талаараа судалсан. Зарын дагуу нөгөө газраа очиж уулзсан. Хэрвээ чи өөрөө хэлээ сайн сураад тухайн сургуульдаа тэнцэж чадвал гарах боломж нээлттэй гэж хэлсэн. Түүнээс би маш их урам авч Япон хэлийг сурч, хичээж эхэлсэн.

Би сонингийн тэтгэлгээр гарч байсан. Үүгээр гардаг Монгол залуус маш олон байдаг. Японд очоод сонингийн компани буюу сонин тараадаг ажил хийнэ. Энэ нь нэг жилийн гэрээтэй. Эндээс сонгосон хэлний сургуульдаа сураад хажуугаар нь сонин тараах ажлаа хийнэ. Тухайн компани байраар хангаад сургалтын төлбөрийн хагасыг нь төлдөг байсан. Мэдээж хувийн компанид хандсан учраас тодорхой хэмжээний мөнгө орсон.

Японд ямар чиглэлээр ямар сургуульд  сурч байгаа вэ?

Япон улс руу сурахаар гарч байгаа бүх хүмүүс юуны түрүүнд тухайн улсын хэлийг судалсан байх шаардлагатай байдаг. Манай улсад хамгийн багадаа нэг жил зургаан сар түүнээс дээш хугацаанд судалдаг. Энэ хэлийг сурч байгаа хүмүүс түвшингээр ангилагддаг. N1-N5 гэсэн түвшинтэй.  Эдгээр түвшин буюу шалгалтынхаа онооноос шалтгаалан хэлнийхээ сургуулийг төгсөөд цаашдаа сурах чиглэлээ сонгодог. Би аравдугаар ангиа төгсөөд хэлний сургалтанд явж, сургуульдаа тэнцсэн. Эхний нэг жил хэлний сургалтанд заавал явах шаардлагатай байдаг. Дараагийн жил өөрөөс нь хамаарч дараагийн сургуулиа сонгодог. Одоо би коллежид сурч байна. Коллежоо хоёр жилээр сурч төгсөөд  их сургууль руу шилжнэ. Шилжнэ гэдэг нь би коллежид сурч байсан бол их сургуулийн гуравдугаар курс руу орж болно гэсэн үг. Үүний Японоор Хэню гэдэг. Одоо би бизнесийн удирдлага, олон улсын харилцаа чиглэлээр сурч байна. Энэ ангиа би Япон хэлээ гүнзгийрүүлэх зорилгоор сонгосон.

Японы сургуулийн сургалтын онцлог нь юу вэ?

Японы боловсролын талаар ярих юм бол маш том сэдэв болно. Энэ улсын их сургуульд гол зарчим нь зөв хандлага, зарчимч байдал, чанартай боловсрол олгох. Учир нь Япон хүмүүс ажил хийж эхлэхдээ хамгийн багаас нь  эхэлдэг. Иймээс тухай олж авсан боловсролоо ажил дээр гараад хөгжүүлдэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл ажлаа багаас их рүү нь хийж сурдаг ур чадвартай болох тал дээр ажил дээр сурдаг гэсэн үг юм. Ажил хийхэд та цагаа сайн барьж байна уу? худлаа хэлж байна уу? ажлаа таслахгүй ирж байна уу? гэдэг нь маш чухал. Энэ нь өөрөө их сургуульд олж авсан мэдлэг, хандлага болдог. Энэ зарчим бол Япон хүн байсан ч, гадаад хүн байсан ч ялгаагүй үйлчилнэ.

Ажлыг багаас нь эхэлж хийдэг нь их сургууль төгссөн, коллеж төгссөн ялгаа байхгүй гэж ойлгож болох уу?

Анх ажил дээр гарч байгаа хүмүүсийн тухайд бол нэг их ялгаа байхгүй. Гэхдээ ямар диплом эзэмшсэн бэ? гэдэг нь чухал. Олон жил ажиллаж байгаа бол цалин арай их авна гэсэн үг. Чи хамгийн сүүлд юунаас гарсан бэ? гэдгийг хардаг. Энд мэдээж суралцсан жил олсон мэдллэгээс шалтгаалдаг.

Япон улсад очсон Монгол хүний боловсрол ямар түвшинд үнэлэгддэг талаар өөрийнхөө туршлага, бодлоос хуваалцвал.

Японд амьдрах амьдралын өртөг маш өндөр байдаг. Их сургуульд сурах хүсэлтэй Монгол залуусын тухайд санхүүгийн асуудлаасаа болоод орж чадахгүй тохиолдол байдаг юм шиг санагддаг. Монгол залуусыг ажиглахад бусад улсын оюутнаас хэл эзэмших чадвар нь илүү байдаг. Япон хэлний дуудлагын маш сайн эзэмшиж чаддаг. Гурваас дөрвөн жил амьдарсан Монгол оюутнууд Япон хүнээс ялгарахааргүй ярьдаг. Бичгийн тухайд Монголд ханз байдаггүй учир арай сул. Гэхдээ өөрөө хичээж чаддаг мундаг оюутнууд олон байдаг. Өөрийхөө туршлагаас хэлбэл би ой тогтоолт сайтай. Багадаа маш их ном уншдаг байсан. Энэ маань ч надад хурдан тогтоох, хэл сурахад асар их дэм болсон гэж боддог.

Дээр дурьдсан хичээлийнхээ хажуур ажил хийх боломжтой эсэхийг судлах хэрэгтэй гэж байсан. Та өөрөө цагийн ажлаа хийж байна уу?  

Японд амьдарч байгаа оюутнуудын 80  түүнээс дээш хувь нь хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Би ч гэсэн цагийн ажил хийдэг. Сонингийн тэтгэлгийн ажил маань бол дууссан одоо хичээлийнхээ хажуугаар буудалд зөөгч хийж байна. Японд ажиллаж байгаа оюутнууд 28 цагаас хэтрэхгүй ажиллана гэж заасан байдаг. Гэхдээ өртөг өндөртэй энэ оронд 28 цаг ажиллаад байж байна гэдэг бол маш их хүндрэлтэй асуудал. Би цагаа хэтрүүлэн ажиллах тохиолдол байдаг. Гэхдээ Япончууд хичээлийн ирцийг  чухалчилдаг. Дээр нь цаг маш сайн барьдаг. Минут, секундээр хэмждэг. Хичээлдээ хоцрохгүй, цагтаа очвол цагаа хэтрүүлэн ажиллах нь нэг их асуудал биш.

Тухайн улс руу анх гарахад хүндрэлтэй тал нь юу байсан бэ?

Монголоос гарахад сонингийн компаниас хоёр шаардлага тавьдаг юм билээ.  Нэгдүгээрт хэлний шалгалтандаа тэнцэж, сургуулиа сонгох. Хоёрдугаарт гэр бүлийн гишүүн батлан даана. Энэ батлан даагч нь 1сая 600 мянган төгрөгний цалинтай хуулийн этгээд байх ёстой гэсэн шаардлагатай байсан. Харин надад тийм өндөр цалинтай хамаатан байгаагүй. Эцэг эх маань хөдөөний малчин. Тухайн үедээ би гарч чадахгүй нь гээд сэтгэлээр унасан. Гэхдээ болгоно гэсэн зорилготой байвал бүх зүйлс болдог юм байна.

Японд очоод цаг уур, хоол унд гээд бүх орчин өөрчлөгдөнө. Надад шантрах үе зөндөө байсан. Одоо бол анх очсоноо бодвол эв зүйгээ олдог болсон.

Монголоос явж байгаа залуусын гаргадаг алдаа нь юу байна. Японд очих гэж байгаа, сурах гэж зорьж байгаа залууст хандаж хэлэх үг байна уу?

Манай залуучуудын нийтлэг гаргадаг алдаа нь Японд аль эсвэл гадны нэг оронд очоод мөнгө олоод жаргалтай болно гэсэн сэтгэлгээтэй байдаг. Харин энэ бол эсрэгээрээ. Алаан дунд очино гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүн танихгүй газар ганцаараа. Чи хөдөлмөрлөх ёстой гэсэн хууль үйлчлэнэ. Үүнийг даваад гарах ёстой. Ямарч бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй яваад буцаад ирдэг залуус олон залуус байна. Японд сурахгүй буцаад явна гэсэн хүмүүс гурван сарын өмнөөс виз мэдүүлэх ёстой байдаг. Харин манайхан хичээлээ таслаад визээ дуустал ажил хийдэг. Энэ нь буцаад гарахад та манай хуулийг зөрчсөн гэдэг шалтгаанаар ахин гарах ямар ч боломжгүй болдог. Дээр нь бусад улс руу явахад ч хүндрэл үүсдэг. Иймээс сайн төлөвлөх, очсон хойноо өөрөө хичээх хэрэгтэй. Би гоё газар очно гэж бодолгүй түнэр харанхуйд очиж байгаагаар төсөөл. Гэхдээ та хөдөлмөрлөж чадвал бүх зүйлээ эргээд өгч чаддаг сайхан орон.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу