ЗАСГИЙН ГАЗРААС "АСГАТ"-ЫН ОРД БОЛОН "САЛХИТ"-ЫН ОРДЫГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХААР ЗЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ

Засгийн газраас "Асгат"-ын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө -"Асгат"-ын мѳнгѳний орд, Салхитын мөнгөний орд, Цагаан эрэгийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, эргэлтэд оруулах үүрэг өгчээ. Улмаар "Салхит"-ын мөнгөний ордын тусгай хамгаалалтыг буулгах шийдвэр гаргасан байна. Учир нь тусгай хамгаалалтын зардал Засгийн газраас гарч байгаа юм байна.

"Эрдэнэс Монгол"-д шилжүүлж буй "Асгат"-ын мөнгөний орд нь Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог билээ. Тус ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй.

1970-1980 оны эхээр  Монгол болон  хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд  хамтран "Асгат"-ын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна. "Асгат"-ын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий, өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол", “Монросцветмет” компанийн  удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ “Ирэх лхагва гарагт Засгийн газар хэд хэдэн асуудлыг шийднэ. Хамгийн эхэнд Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлнэ. “Монголросцветмет” ХХК-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга.

Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ыннхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ бүхнийг хэлэлцэнэ. Бүх бэлтгэлийг хангасан байх ёстой.

Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй. Тиймээс нэг сарын дотор Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн Салхитын мөнгөний ордыг ашиглах, эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг ч ханга. Үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх хэрэгтэй байна. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулахгүй бол та бүхэн өргөдлөө өгөх хэрэгтэй. Зөндөө харлаа” хэмээжээ. 

Дашрамд дуулгахад Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд байдаг юм. Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж байжээ. 

Гэхдээ 2016 онд Оросын "Ростех" компанитай хийсэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдах хэлцлийн үеэр "Монголын зэс" корпораци Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг мөн давхар худалдаж авсан юм. 

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу