Н.Энхбаяр намын даргын суудлаасаа буух уу

Н.Энхбаяр нар МАН-аас өрх тусгаарлаж, 2011 онд МАХН-ыг дахин байгуулсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх нэгэнтээ “МАХН-ыг шинэчлэхийн тулд /тэр үед намын нэр МАХН хэвээр байсан/ нам доторх Н.Энхбаярын гар хөлийг тасдах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Улмаар удирдлагууддаа шаарлагдсан Н.Энхбаяр намаасаа өрх тусгаарлаж, МАХН-ыг шинээр байгуулсан нь энэ.
Үүний дараа МҮАН-тай эвсэж, "Шударга ёс" эвслийг байгуулж, 2012 оны сонгуульд оролцсоноор парламентад 11 суудал авч чадсан. Гэсэн ч парламетын хугацаа дуусахаас жил орчмын өмнө эвсэл задарсан. Нэг хэсэг МАХН 2016 оны сонгуульд МАН-тай эвсэх тухай яригдаж байсан ч намын дарга Н.Энхбаяр өөр санаа агуулснаар эвсэл бүтэлгүйтсэн байдаг.
Ажиглагчид түүнийг цаагуураа АН-тай хамтарсан гэгдэж байв. Энэ нь сонгуулийн дараа З.Энхболд, Н.Энхбаяр нар сонгуулийн үр дүнг эсэргүүцэж хамтдаа гарч ирснээр ил болсон.
Тэгвэл 2016 оны сонгуульд МАХН-аас О.Баасанхүү ганцаараа ялалт байгуулж, МАХН-ыг парламентад суудалтай нам болгоод байна. Ингэснээр тэрбээр баатар болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь нэгэн үе Н.ЭНхбаяр О.Баасанхүү гишүүнд илт дургүйцэх болсон. Гэтэл мань эр гишүүн болсноор Н.Энхбаяр тал засах хэрэгтэй болсон удаатай.
Тэгвэл О.Баасанхүү гишүүн Н.Энхбаярыг намын даргын суудлаас нь буулгах сонирхолтой байгаа тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал, О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Надад сайдын суудал амласан нам бий. Манайд ирвэл санхүүгийн дэмжлэг үзүүлье гэж байгаа нь ч байна. " гэжээ. Мөн тэрээр "Гүйцэтгэх товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай  хуралдуулах ёстой, намын бүх удирдлага огцрох ёстой" хэмээжээ. Түүнчлэн тэрбээр Н.Энхбаярыг МАХН-ын даргаас огцрохыг шаардаж буй бөгөөд хэрэв ийм үйлдэл болохгүй бол намаа орхиход ч бэлэн байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. Тэгэхээр Н.Энхбаяр нэг бол намын даргын суудлаасаа буух, эсвэл парламентад суудал авсан ганц гишүүнээ алдах гэсэн хоёр сонголттой тулаад байгаа бололтой. Чухам ямар сонголт хийхийг харах л үлдлээ. 

Эх сурвалж http://www.info.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу