Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНХБОЛД ДАРГАА ТА ЗҮГЭЭР ДУУГҮЙ ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий дөрвөн гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы хуралдааныг “бойкот”-лож байгаа билээ. Өнөөдөр үдээс өмнө хуралдсан чуулганы хуралдааны үйл ажиллагаанд тэдний зүгээс эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Улмаар УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс тэдгээр нэр бүхий 4 гишүүнтэй уулзалт хийхээр болсон. Уулзалт УИХ-ын даргын өрөөнд нэг цаг орчим үргэлжиллээ. Уулзалтын үеэр талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг өргөдлөө өгөхийг шаардсан юм.

Тэрбээр хэлэхдээ “М.Энхболд даргаа та Монгол улсын төрийн сүлдний өмнө та 60 тэрбумын бичлэг эвлүүлэг, би тэр бичлэгэнд байгаагүй гээд чин сэтгэлээсээ хэлчих. АТГ чинь эвлүүлэг гэсэн.

Та зүгээр огцрох өргөдлөө өг. ҮХЦ-ийн эцсийн дүгнэлт Ерөнхий сайдаас өгөөд гартал та чуулганы хуралдааныг даргалахгүй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна.

Ирэх даваа гариг хүртэл та огцрох өргөдлөө өгөхгүй бол бид нар дараагийн тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно шүү гэдгийг албан ёсоор хэлье” гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын нэр бүхий дөрвөн гишүүнтэй хийсэн уулзалт тодорхой үр дүнгүйгээр өндөрлөлөө. Харин Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд түүнийг огцрох өргөдлөө өгөх хүртэл “бойкот”-оо үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу