“ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН НЯРАЙН АППАРАТУУДЫГ “БУРАМ-ОЮУ” ХУВИЙН ЭМНЭЛЭГТ АШИГЛАЖ БАЙЖЭЭ

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын тоног төхөөрөмжүүдийг албан хаагчид нь хувийнхаа эмнэлэгт ажигласан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өмнө дурьдаж байсан. Тэгвэл тус амаржих газар энэ оны аравдугаар сард тоног төхөөрөмжийнхөө ээлжит тооллогыг хийхэд нярайн фото аппарат, шарлагын аппарат, тэргэнцэр зэрэг хэд хэдэн төхөөрөмж Нярайн тасгаас дутсан аж.

Тус эмнэлэгээс уг тооллогыг зургаадугаар сард хийхэд алга болсон гэгдэх төхөөрөмжүүд бүгд бүрэн байжээ. Улмаар эмнэлгийн захиргааны хурлаар асуудлыг оруулахад "Өргөө" амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн эзэмшдэг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ алга болсон  төхөөрөмжүүдийг  ашиглаж байснаа хүлээж, шарлагын аппаратыг буцаан авчирсан байна.

Харин түүнд тус эмнэлэгийн удирдлагын зүгээс сахилгын арга хэмжээ тооцож түүнийг цалинг гурван сарын хугацаатай бууруулан Нярайн тасгийн эрхлэгчээс чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Одоогоор тус хэргийн сэжигтэн гэгдэх "Өргөө" амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Оюунцэцэгийг Эрүүгийн хуулийн 17.4.1 дэх заалтыг үндэслэн  Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Хэргийн талаар НЦГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн  М.Мөнхшүр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Арваннэгдүгээр сарын 7-нд "Өргөө" амаржих газрын дарга иргэн Б гэх хүн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст манай нярайн тасгийн зарим тоног төхөөрөмж дутаж алга боллоо гэсэн өргөдөл өгсөн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн тайлбарыг өгчээ.

Түүнчлэн эмч А.Оюунцэцэг одоог хүртэл “Өргөө” амаржих газарт ажиллаж байгаа гэнэ. Тэрээр "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан аппаратуудаа амаржих газарт буцаан авчирсан гэнэ. Гэвч нярайн шарлагын аппарат цох дутсан гэх мэдээлэл байна.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу