БАЯН-ӨЛГИЙД ЦАХИЛГААН ТАСАРЧ, БАГЦ ЛАА 8000 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Арваннэгдүгээр сарын 25-27-нд баруун аймгуудад цасан шуурга болж, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Баян-Өлгий аймагт цахилгаан тасарсан байна. Тус аймгийн төв 25-наас эхлэн дөрвөн өдөр цахилгаангүй байсан бөгөөд энэ үед аймгийн хэмжээнд лааны үнэ тэнгэрт хаджээ.

Жирийн үед ширхэг нь 300, 500 төгрөгийн үнэтэй байсан лааг 1500-1800 төгрөгөөр худалдахад шажигнаад алга болсон аж. Зургаан ширхэгтэй нэг багц лааг 8000 төгрөг худалдан авснаа тус аймгийн оршин суугч ярив.

Лааны үнэ тэнгэрт хадах энэ цагаар мөнгөө өсгөөд авах гэсэн овсгоотой хүмүүс хот руу лаа захисан ч өнөөх лаа нь газрын холоос ирэх гэсээр байтал цахилгааны эвдрэлийг засчихжээ.

Аймгийн төвийнхэн хэдийнэ гэрэл цахилгаантай залгаж, лааны үнэ цэнэ буурсан хойно хотын шуудангаар хайрцаг хайрцгаар лаа ирснийг нутгийн иргэд онигоо болгон ярьж байна.

Цахилгааны гэнэтийн эвдрэл саатал алс холын аймаг төдийгүй улсын маань нийслэл Улаанбаатарт ч гардаг. Баян-Өлгийд гэнэт үүссэн лааны эрэлтээс сургамж авч, айлууд гэр гэртээ багц лаа нөөцлөөд авахад илүүдэхгүй бололтой.

Эх сурвалж: GOGO.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу