Энэ өвөл моодонд орох хувцаслалтууд

Төд удалгүй өвлийн улирал айлчлан ирж, хорвоо дэлхий цасаар хучигдан байгальд бас нэгэн өнгө нэмэгдэх гэж байгаа билээ. Харин үзэсгэлэнт өвлийн улирал харагдаж байгаагаасаа хүйтэн учир хүн бүр дулаан хувцаслах шаардлагатай. Гэвч мэдээж, дулаахан байхын хажуугаар загварлаг байхаа мартаж болохгүй. Тэгвэл бид танд энэ өвөл хэрхэн загварлаг харагдах талаарх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ…

 

1. Үслэг хүрэм

Ханцуйгүй булган хүрэм таны галбирыг дөрвөлжин харагдуулаад зогсохгүй хүйтний улиралд таныг бүрэн дулаацуулж чадахгүй. Мөн тохирсон хувцаслалтыг сонгоход ч хүндрэлтэй байдаг. Эцэст нь хэлэхэд ханцуйгүй булган хүрэм аль хэдийн моодноос гарсан.

Жинхэнэ булгыг ч мэргэжлийн дизайнерүүд төдийлөн үнэлэхээ больсон бөгөөд загварын тайзнаа хиймэл үстэй, тод өнгийн шуб олны харцыг булаах болсон юм. Хэдийгээр таныг Сибирийн хүйтнээс хамгаалж чадахгүй ч өвлийн дулаахан өдөрт гайхалтай зохицох болно.

2. Өдөр бүр өмсөж болох малгай

Загварлаг малгай олно гэдэг эмэгтэйчүүдийн хувьд тийм ч амар биш. Удаан хугацааны турш малгай хайсны эцэст тэд бууж өгч, энгийн нэхмэл эсвэл өвлийн хээтэй малгайг сонгодог нь нууц биш. Гэвч тиймэрхүү малгай зөвхөн мөсөн дээр гулгах, амралтаар гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарахад л тохиромжтой биш гэж үү.

Үүнээс гадна бас нэгэн түгээмэл алдаа бол ижил өнгийн малгай, ороолт, бээлийний хослол худалдаж авах юм. Энэ төрлийн хослолыг өмссөнөөр та загварлаг эмэгтэй биш харин өсвөр насны охин мэт харагдах болно.

Харин нэхмэл малгайн оронд берет, бүрх малгай зэргийг сонгож өмсөх нь зүйтэй.

3. Урт түрийтэй гутланд хийсэн цэнхэр жийнс

Өндөр өсгийтэй, урт түрийтэй гуталны дотуур хийсэн жийнсэн өмд таны хөлийг богино харагдуулаад зогсохгүй огтхон ч загварлаг харагдуулахгүй. Өндөр өсгийтэй гутал нь даашинз эсвэл банзалтай илүү төгс харагдана. Хэрвээ та өндөр өмдний доогуур өсгийт өмсөхийг хүсэж байвал гутлынхаа өнгөтэй ижил биш ялгарах өнгийн нарийхан өмдийг сонгоорой.

Өвлийн улиралд жийнс болон брюкан өмдтэй богино түрийтэй гутал илүү төгс зохицно. Тод өнгийн гутал сонгосноор та өвлийн уйтгарт өдрийг зугаатай болгож чадна. Гутлын өнгө, малгайн өнгөтэй хэрхэн зохицож байгааг баруун талын зурагнаас хараарай.

4. Бойтгон гутал

Зөөлөн, дулаахан, хөлд эвтэйхэн бойтгон гутлыг та хотоос гадуур аялал, зугаалганд өмсөх боломжтой. Хотод бойтгон гутал хэзээ ч загварлаг харагдахгүй учир өдөр тутмын хувцаслалтаасаа шууд хасах хэрэгтэй. Харин үүний оронд илүү загварлаг богино түрийтэй гутлыг сонгож болно шүү дээ.

5. Урт куртка

Өвлийн хүйтнээс өөрийгөө аврахын тулд бид хэт урт куртка өмсдөг. Дээрээс нь гялалзсан даавуутай, булган захтай байвал та загвар үл мэдэгч нэгэн боллоо л гэсэн үг.

Загварлаг харагдахын тулд та сүүлийн үеийн загвартай куртка, өвлийн зузаан пальто зэргийг сонгож болох юм. Хамгийн гол нь өнгөний талаар мартаж болохгүй бөгөөд энэ нь таныг өвлийн бүрсгэр өдрийг сонирхолтой зугаатай болгож, таныг бусдаас ялгарахад тусална.

6. Том ороолт

Хэдхэн жилийн өмнө бараг бүх эмэгтэйчүүд том ороолт зүүдэг байсан бол энэ моод одоо ард хоцорчээ. Ийм ороолт маш дулаахан хэдий ч таны хувцаслалтыг бохир харагдуулах болно.

Харин энэ өвөл та том ороолтноос татгалзаж, хоолойтой цамц, зузаан даавуутай нимгэн ороолтыг сонгоорой.

7. Зузаавтар трико

Нимгэн трико, хүйтэн улирал хоёр хоорондоо үл тохирох зүйл билээ. Ялангуяа богино шубыг энэ төрлийн хувцастай хослуулдаг бүсгүйчүүдийг харахад өмнөөс нь даарах мэдрэмж төрнө.

Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж хүйтний улиралд зузаан трико сонгох нь зүйтэй. Хэрвээ та заавал нимгэн трико өмсөх шаардлагатай бол урт пальто өмсөөрэй.

8. Нимгэн цамц

Энэ өвөл нимгэн хэлбэргүй цамц буюу кардиганыг битгий өмсөөрэй. Энэ нь амархан хэлбэрээ алддаг бөгөөд таныг загварлаг харагдуулахгүй. Ялангуяа өөр цамцан дээр давхарлаж өмсөх үед ханцуй нь хумигдаж онцгүй харагдана.

Хэрвээ та кардиганаас татгалзахыг хүсэхгүй байвал арай зузаан материалтайг сонгоорой. Гэвч нэхсэн зузаан цамц таныг илүү махлаг харагдуулах болно. Тиймээс кардиганы оронд таны галбирт тохирсон пиджакийг сонгосон нь зүйтэй.

9. Хүйтэн байсан ч загварлаг харагдаж болно

Хүйтний улиралд гадуур ихэнхдээ хар бараан өнгийн хувцас өмссөн хүмүүс харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ гадаа хүйтэн байна гэдэг уйтгартай хувцаслах шалтгаан биш шүү дээ.

Та заавал тод улаан өнгийн хувцас өмсөх шаардлагагүй. Зүгээр л өөрийн хувцаслалтан дээр бага зэргийн гоёл нэмэхэд л та үзэсгэлэнтэй, загварлаг сайхан харагдах болно.

source: caak.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу