ХАА-Н ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА, БОЛОВСРУУЛАЛТЫГ ТАСРАЛТГҮЙ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ТУСГАЖЭЭ

Нийслэл хотноо чуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" Үндэсний чуулганаас зөвлөж гаргаж, мөн шилдгүүдээ тодруулаад байна.

Чуулганд оролцогчдоос салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог сайжруулж, хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөмжид:

  • Малын генетик нөөцийн өнөөгийн төлөв байдлыг судлан илрүүлж, хөгжүүлэх удам зүйн судалгааг өргөжүүлэх,
  • Мал, амьтан, ургамлын генофондыг хамгаалж сайжруулах, бүртгэл, мэдээллийг сайжруулах талын судалгааг дэмжиж, тэжээлийн ургамлын биологийн онцлогоос хамааран, шинэ үүлдэр, омог, үүлдрийн болон үржлийн хэсэг, сорт бий болгоход чиглэсэн судалгаа боловсруулалтын ажлыг урт хугацаатайгаар тасралтгүй санхүүжүүлэх;
  • Бэлчээрийн доройтлыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, цөлжилтийг сааруулах, мал, амьтны тэжээлийн хангамж чанарыг нэмэгдүүлэхийн тулд тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр үйлдвэрлэлийн нөөцийг судлах, нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн цаашлаад:
  • Эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, судалгааны үр дүнд бий болсон гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнийг (малын генетик материал, доройтлын эсрэг тэжээлийн ургамлын үр, эрдэс, нэмэгдэл тэжээл, арьс шир, ноос, ноолуур, модон эдлэл) үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн худалдан авалтад шууд гэрээ хийх, дотоодын давуу эрх тооцох шийдвэр гаргаж, жагсаалт батлах;
  • Гарааны компаниар инновацийн төсөл гүйцэтгүүлэх болон Мал хамгаалах сан, ЖДҮ-ийн зээлийн 20 хувийг мэдлэг шингэсэн үйлдвэрлэлд олгож, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх;
  • Гарааны компанийг эхний таван жилд татвараас чөлөөлж, одоогийн 3 жилийг 5 жил болгож сунгах) нэвтрүүлсэн судалгааны үр дүнгээс хамааран тухайн бүтээгдэхүүний зохион бүтээгч нь тодорхой хувь хүртэх урамшууллын тогтолцоог бий болгох;
  •  
  • Хүн амын сүүний хэрэглээг хангах төв, суурин газрыг түшиглэн сүүний аж ахуй байгуулж, төв, суурин газрын хэрэгцээг хангах навчит ногооны үйлдвэрлэл болон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх;
  • Хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэлд эргэх холбоо бүхий эдийн засгийг дэмжих зорилгоор бизнесийн шинэ загвар бий болгох, хөгжүүлэх;
  • Тариалангийн салбарт инженерийн хийцтэй том услах систем, усны боомтын барилга байгууламж байгуулахад хөнгөлөлттэй зээл, татварын бодлого, лизингийн үйлчилгээгээр дэмжих;
  • Монгол Улсад бий болсон шинэ технологи, шинэ материал бүтээгдэхүүнийг олон улсад таниулах ажлыг төрийн бодлогоор дэмжих” гэсэн байна.

Чуулганы үеэр салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг танилцуулах үзэсгэлэн нээгдэж, төгсгөлд “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах арга хэмжээ боллоо.

  • МАА-н салбарын шилдэг бүтээгдэхүүнээр МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Хөлдөөсөн үр хөврөл”,
  • Мал эмнэлгийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Гарааны нэмэлт тун” ХХК-ийн “Барагшунт”,
  • Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээ Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариаланийн хүрээлэнгийн “Тэжээлийн вандуйн баялаг сорт”,
  • Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Могол ноос” болон “Блю Скай” ХХК-ийн “Хонины ноосон нэхмэл бүтээдэхүүн”, мөн “Санширо” ХХК-ийн “Ноолууран нарийн ээрмэл утас”,
  • Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүнээс “ТЭСО” корпорацийн “Хатаасан аарц” тус тус шалгарав.


"Шилдэг бүтээгдэхүүн" үйлдвэрлэсэн ААН, байгууллагад цом, мөнгөн шагналыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гардууллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ :  MONTSAME.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу