АГААРЫН БОХИРДЛООС ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг буүруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо танилцууллаа.

2018-2021 оны хооронд хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, өвлийн улиралд эрүүл мэндийн түсламж үйлчилгээг сайжруулахад Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллах юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэн тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулдаг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд, сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл мэндэд илүү хүндээр түсдаг, учир нь тэд агаарын бохирдолд хамгийн эмзэг, өртөмтгий байдаг. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдлийг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли хэлэхдээ, "Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас сая гаргасан судалгаа дахин нотоллоо. Судалгаагаар дэлхийд жилд хагас сая хүүхэд агаарын бохирдлоос болж нас барж байгаа тоо гарсан. Тиймээс байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай. Сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, дээрх салбаруудад онцгой ач холбогдол өгөн, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний үр дүнг баталгаажуулах ёстой. Тиймээс Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллана" гэв.

"Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруүлах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардлагатай. Тиймээс бидний хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өртөлтийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах юм" гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

Энэхүү хамтарсан хөтөлбөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймагт энэ оны 4 дүгээр улирлаас эхлэн хэрэгжих юм.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ярихдаа, “Сүүлийн жилүүдэд нийслэл төдийгүй хөдөө орон нутаг, тэр дундаа хүн ам олноор суурьшдаг аймгийн төвүүдэд утааны асуудал хүндрэл учруулж байна. Салхигүй тогтуун үед аймгийн төвүүдэд Улаанбаатар хотоос дутахгүй утаа хуримтлагддаг. Энэ нь эх, хүүхэд, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Манай аймагт нийт 27,700 гаруй хүүхдийн 11 мянга нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Мөн амьсгалын замаар өвчилж эмнэлэгт үзүүлэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь санаа зовоох болсон. Нийт эмнэлэгт үзүүлж буй иргэдийн 40.9 хувь нь амьсгалын замын өвчлөлөөр хандсан байдаг. Тиймээс манай аймаг НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагт санал хүсэлт тавьсны дагуу агаарын бохирдлыг тодорхойлох, бууруулах төсөлд хамрагдах боллоо. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баянхонгор хотыг дулааны станцид холбох бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн аймаг, орон нутгаас дулаан гаргаж буй эх үүсвэр буюу гэр хорооллын уурын зуухны тоог багасгах хэрэгтэй гэж харж байна. Утаа гаргадаг цэг бүр агаарын чанарт нөлөөлж байгаа. Тиймээс цахилгаан эрчим хүчээр дамжуулан гэр хорооллын гэр байшинг цахилгаан тениэр халааснаар утааг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой” гэв.

Хөтөлбөрийн хүрээнд дараах үр дүнд хүрэхээр зорьж байгаа аж. Үүнд: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх тоо, баримт мэдээлэл цуглуулах, түгээх, судалгаа, дүн шинжилгээ хийх чадавхи сайжирсан байна.

Эрсдлийг бууруулах арга хэмжээг газар дээр нь авсны үндсэн дээр сургуулийн өмнөх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд учрах эрүүл мэндийн эрсдэл буурсан байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах арга хэмжээг үндэсний болон орон нутгийн зохих бодлогуудад тусгасан байна.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу