Б.БАЯРСАЙХАН: УИХ ГИШҮҮН ЗЭЭЛ АВАХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ. ХУУЛИАРАА ХОРИГЛООГҮЙ ШҮҮ ДЭЭ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг хэвлэлээр зарлаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудал нэлээд татаад байгаа билээ. Тиймээс ЖДҮХС-аас зээл авсан нөлөө бүхий этгээдүүд энэ нөхцөлд ямар хариуцлага хүлээх талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Баярсайхантай ярилцлаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг хэвлэлээр зарлаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудал нэлээд татаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2018.10.30/ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж АТГ-т тус хэргийг шалгахын Нийслэлийн прокурорын газраас үүрэг болгожээ. Хэрвээ хууль хяналтын байгууллага уг хэргийг шалгаад гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх хуультай юм байна. Энэ талаар болон ЖДҮХС-аас зээл авсан нөлөө бүхий этгээдүүд энэ нөхцөлд ямар хариуцлага хүлээх талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Баярсайхантай ярилцлаа.
- УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-аас зээл авсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Судлаач хүний хувьд энэ асуудлаар өөрийн байр сууриа хуваалцаж болох уу?

- Хүн бүхэн зээл авч болно. УИХ-ын гишүүн болон өндөр албан тушаалтан зээл авч болохгүй гэж хуулиар хориглоогүй. Харин ямар аргаар зээл авсан бэ гэдгээс хамаарч зөв үү, буруу юу гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Түүнээс хүн бүрт зээл авах эрх нээлттэй. Мөн авсан зээлээ зориулалтынх нь дагуу ашигласан уу, зориулалтаас нь өөр аргаар ашигласан уу гэдгийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Зарим гишүүдийг банканд зээлсэн, өөр аргаар ашигласан гэж шууд хэвлэлээр мэдээллээд байгаа нь учир дутагдалтай. Энэ бол гүтгэлэг. Сэтгүүлчид үүн дээр анхаарч ажиллах ёстой. Хэрвээ ийм зүйл бичиж байгаа бол нотлох баримттай байх ёстой. Миний хувьд зээл авч болно гэсэн байр суурийг баримталж байна. Энэ асуудлыг зөвхөн нэг талаас нь хараад болохгүй шүү дээ гэж дүгнэх нь буруу. Хэрвээ хуулийн байгууллага тогтоогоод албаны эрх мэдлээ урвуулсан ашигласан гэж үзвэл мэдээж хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-Эрүүгийн хуулиас албаны эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой заалтыг авсан, одоо энэ нь хэрэгжихгүй талаар олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Яг ямар хариуцлага хүлээлгэх боломжтой юм бэ?

-Уг заалтыг ямар учир авсан гэдгийг би нарийн судлаагүй. Санаатайгаар авсан эсвэл санаандгүйгээр авсан гэдгийг хэлэх боломжгүй. Гэвч хэрвээ УИХ-ын гишүүд тус зээлийг хууль бусаар авсан бол энэ үйлдэлд нь таарах хариуцлага Эрүүгийн хуульд бий. Тухайлбал Зөрчлийн тухай хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зэрэгт энэ хэрэгтэй холбогдох олон зүйл заалт бий. Гол нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг хуулийн дагуу тодорхойлж байж түүнд зохих хариуцлагын асуудал яригдана. Дэлхийн улс орнууд энэ асуудлыг нарийн зохицуулсан байдаг. Яаж вэ гэвэл ерөөсөө амархан. Ил тод мэдүүлж байх ёстой л гэж зааж өгсөн. Нэгд, би ийм зүйл авлаа. Энэ хөрөнгийг тэр зүйлд зарцуулж байна. Тийм компанитай холбоотой ийм учиртай хувьцааг ингэж эзэмшиж байна зэрэг бүх зүйлээ нарийн тайлагнадаг. Энэ мэт асуудалтай холбоотойгоор улс төрийн карьераа дуусгаж байсан тохиолдол олон бий. Хийсэн үйлдэлдээ төдийгүй хэлсэн үгэндээ ч хариуцлага хүлээж нэрээ татаж, огцорч буй улс төрчид олон бий. Жишээлбэл БНСУ өөрийн ерөнхийлөгчид бүх насаар нь хорих ял оноочихлоо шүү дээ. Япон улсад улс төрч буруу мэдээлэл хийснийхээ төлөө огцорч байна.

-Хариуцлага хүлээлгэх энэ тогтолцоо учир дутагдалтай байгаа нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт, тухайн улсын эрх зүйн хөгжил түүний төлөвшилттэй шууд холбоотой. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийн чадавх, түүний нарийн бүртгэлтэй холбоотой. Хүчтэй төр гэдэг ердөөсөө л бүртгэл нарийн төрийг хэлдэг. ЖДҮХС-ын мэдээлэл ил тод байх боломжтой байсан шүү дээ. 2008 оноос хойш манай улс татвартай холбоотой өршөөлийн маш олон хууль гаргасан байдаг. Энэ нь эдийн засгаа ил тод байлгаж, хар зах зээлээ хумих гэсэн бодлого. Ямартай ч өнөөдөр бидний туулж буй энэ замнал хүн төрөлхтний туулаад ирсэн л зовлон. Бид өөрийн хөрөнгөтэй болоод 27 жил л болж байна. Энэ хугацаанд алдаж оносон зүйл их бий. Монгол Улс маш сайн хуулиудтай. Үүнийг олон улсын эрдэмтэд ч хэлдэг. БНХАУ-аас манай хуулийг судалж, суралцъя ч гэж байна. Хамгийн гол нь ний нуугүй хэлэхэд тэд хэрэгжилт дээрээ ямар байдаг гэдгийг бас сонирхож байна. Хууль сайн байсан ч хуулийн хэрэгжилтийг хангах нь гол зүйл. Ойрын өдрүүдэд ЖДҮХС-ын асуудал олон нийтийн сонирхлыг татаж байна. Гэхдээ яг бодит нөхцөл дээр цаасыг аваад нөхцөл байдлыг судлаад үзвэл өөр дүр зураг ч харагдаж болно.

-УИХ-ын гишүүний эхнэр, хүүхэд, хамаатан садан зээл аван нь зөв үү. Тэгэхээр яг ямар хариуцлага хүлээх хэрэгтэй вэ?

-Яг ямар хариуцлага хүлээх ёстойг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, ямар хэрэг хийсэн түүнд нь оногдуулж тодорхойлно. Хуулийн хариуцлага хүлээхээс урьтаж улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Үүний дараа хуулийн хариуцлага хүлээнэ.

-Би мэдээгүй байхад манай эхнэр зээл авчихсан байсан утгатай хариулт өгч байгаа УИХ-ын гишүүн ямар хариуцлага хүлээх вэ?

-Магадгүй мэдээгүй байхыг үгүйсгэхгүй. Мэдэж байсан ч байж болно. Энэ бүхнийг ерөөсөө л хуулийн байгууллага шалгаад тогтооно. Тэр хүн авч болохгүй гэж хуулиар хориглоогүй шүү дээ. Хүүхэд нь авчихсан байна гэж бас мэдээлэл гарсан. Хамаатан садан нь авчихсан байна гэдэг мэдээлэл ч явсан. Хувьцаа эзэмшдэг байсан компани авсан байна ч гэж буруутгасан. Гэхдээ би хуульч хүнийхээ хувьд зээл авах нь нээлттэй гэж үзэж байна. Харин улс төрийн хариуцлагын хүрээнд өөрөөр яригдана. Гол нь шалгах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр нөлөө орж авсан, тэгээд гол ашиглах зүйлд нь зориулалтаар нь ашиглаагүй бол хариуцлага хүлээх ёстой. Нэгд, улс төрийн хариуцлага, Хоёрт, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Буруу үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Энэ тийм ч сонирхолтой зүйл биш. Хуульчдын хувьд чи авсан уу, авсан гэвэл хариуцлага хүлээ Улс төрийн хариуцлага огцор. Дараа нь хуулийн хариуцлага хүлээ. Манайд тэр ёс суртахуун байхгүй. Ёс суртахууны хариуцлага улс төрчийн хэр ёс зүйтэй хүн бэ гэдгээс л хамаарна.

-Манай улс төрийн жишиг ёс суртахууны төлөвшилт хэр байна вэ. Хөгжингүй орны хувьд улс төрч ийм хэрэгт холбогдвол огцрох хэмжээнд яригддаг. Огцордог ч тохиолдол бий шүү дээ?

-Бид эрх зүйт төртэй. Хэрвээ буруугүй бол огцруулах шаардлага байгаа юм уу. Бид улс төрөө тогтвортой байлгахыг хүснэ. Тогтвортой байвал Монгол Улсын гадаад нэр хүнд өснө. Дотоод хямралаасаа болж бид бусдын идэш болж эдийн засаг ухраамааргүй байна. Өнөөгийн болж буй энэ үйл явц дундад зууны үеийн Монголын ноёдын хоорондын хагаралдаан шиг л байна. Жалга довоороо хоорондоо үзэлцээд хэнд ашигтай юм. Бидэнд лав ашиггүй. Би судлаач хүнийхээ зүгээс засаг төр тогтвортой байгаасай гэж залбирдаг. Буруу зүйлийг бид засаад урагшилна. Бид дотооддоо учраа олсон байхад гадна тал бидэнтэй учир аа олно. Мэдээж ЖДҮХС-ын зарцуулалт нь тодорхой байх ёстой. Очиж байгаа хүндээ очиж байна уу гэвэл эргэлзээтэй. Ганц жижиг дунд үйлдвэрийн гэлтгүй маш олон сан Монголд бий. Энэ бүхэн хүрэх эзэндээ хүрч байна уу. Маш олон төсөл бий шүү дээ. Энэ бол зүгээр бодол. Баримтаа л үзэх хэрэгтэй. Өгсөн зээл нь үр ашигтай зарцуулагдсан, зориулалтын дагуу ашиглагдсан бол монгол улсад хэрэгтэй. Хэрвээ үр ашиггүй зориулалтын бус бол хариуцлага хүлээх ёстой. Үүнийг хуулийн байгууллага тогтоодог. Үүний дараа бид ингэж болохгүй гэж ажиллах ёстой. Сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоё гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй. Ер нь тогтолцоондоо учир бий шүү. Ийм боломжийг олгож буй тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ. Бидний өнөөдрийн байгаа энэ нөхцөл бидний л хийсэн ажил шүү дээ. Бид зүгээр нэг хүн рүү дайрах бус энэ боломжийг олгож буй тогтолцоондоо анхаарах хэрэгтэй байна.

-Хувь хүний ёс суртахууны асуудал бас бий?

-Энэ нь бидний хөгжлөөс хамаарч буй. Эрх зүй төлөвшиж буй байдал ч нөлөөлж буй. Бид хөрөнгөтэй болоод цөөхөн жил болж байна. Үүний цаана хөрөнгөжих гэсэн хүний дотоод зөрчил их хүчтэй байна. Үүнээс болж зарим хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Зарим нь өөрийнхөө бүхий л хүчийг дайчилж ажилтанд хүрч байна. Харин үлдсэн нь хичээгээд ч төрийн машинд ороод унаж байна. Бүр хөлөө олохгүй яваа хүн ч бий. Үүнд төрийн зөв бодлого хэрэгтэй. Ер нь төрийн гол бодлого бол биднийг амар тайван, амар амгалан амьдруулахад л чиглэх ёстой биз дээ. Ингэхийн тулд хэрхэх вэ гэдгийг анхаарах ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу