Самрын наймаачид самарч эхэллээ

Самар бүрэн боловсрох хугацаа болоогүй ч нийслэлд нэг алхаад л түүхий самар зарж борлуулах иргэд “ургаад” гараад ирлээ. Ийнхүү самрын бизнес "цэцэглэх" болсон шалтгаан нь өмнөх жилүүдийг бодвол энэ жил самрын ургац их байгаа аж. 2-3 жилд нэг удаа тохиодог самар боловсрох их үрийн жил энэ онд тохиож байгаа юм байна. Уг нь самрын болц есдүгээр сарын 10-наас хойш бүрэн болдог. Энэ үед нь иргэн, аж ахуйн нэг килограмм тутамд нь мөнгө төлж зөвшөөрөгдсөн хэмжээнд нь самар түүх эрхтэй болдог юм.

Гэтэл найман сар гарав уу, үгүй юу ёстой л хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөж түүхий самар түүж ирж байна. Уг нь манай иргэд идэж, ууж байгаа зүйлийнхээ талаар жаахан ч гэсэн мэдлэгтэй байсан бол түүхий самар буюу бөөн бөөн нян худалдан авч идэхгүй байсан биз. Түүхий самар хэрэглэх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй төдийгүй бохир гарын гэдэсний халдварт өвчин тусах магадлалтай. Энэ байдал самар их ургасан жил бүр давтагддаг үзэгдэл болоод байна. Хамгийн харамсалтай нь нийслэлд зарагдаж буй самрыг худалдан авч буй хүмүүсийн ихэнх нь учир мэдэхгүй хүүхдүүд эзэлж байгаа нь эмгэнэлтэй.

Ийнхүү самарын замбараагүй худалдаатай зэрэгцээд Халдварт өвчин судлалын үндэсний төв гэдэсний өвчнөөр эмнэлэгт хандах хүүхдээр дүүрдэг нь нууц биш. Учир нь болц гүйцээгүйн дээр, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд цайруулсан самар идсэнээс халдварт шар, гэдэсний өвчин тусдаг гэсэн үг.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу